Арваннэгдүгээр сарын 6-ны өдрийн байдлаар Монголбанкны албан ханшаар ам.доллар 2406.41 төгрөгтэй тэнцлээ. Төгрөгийн доллартай харьцах албан ханш аравдугаар сарын 7 буюу нэг сарын өмнө 2273 төгрөгтэй тэнцэж байсан бол сарын дотор ийнхүү 2400 төгрөгийг давж, чангарав. Тэгвэл ханшийн энэхүү өсөлтөд юу нөлөөлсөн бэ.

 

Ханш гэдэг зүйл өөрөө аливаа мөнгөн тэмдэгтийн үнэ гэсэн үг. Тэгэхээр ам.долларын ханш буюу үнэ өсч байна. Эдийн засгийн энгийн логикоор бол аливаа бараа, бүтээгдэхүүн ховордсон тохиолдолд үнэ нь өсдөг. Үүнтэй адилаар ам.доллар ховордож байгаа учраас худалдаж авахад үнэтэй болж буй юм.

 

Дотоодын зах зээл дээрх ам.долларын хэмжээ хорогдсоор байгааг Монгол Улсын төлбөрийн тэнцлийн статистик тодорхой харуулна. Тухайлбал, энэ оны эхний есөн сарын байдлаар Монгол Улсын төлбөрийн тэнцэл 232.1 сая ам.долларын алдагдалтай гарчээ. Энэ нь Монгол Улсаас энэ он гарсаар 231.1 сая ам.доллар гарч одсоныг илэрхийлж байна.

 

Ийнхүү өдөр өдрөөр “зугтаж” буй ам.долларыг эргүүлэн “даллахын” тулд Засгийн газар томоохон төслүүдээ хөдөлгөх, олон улсын байгууллагатай хамтрах асуудлаа яаравчлах хэрэгтэй. Тэгж байж хөрөнгө оруулалт татаж, төлбөрийн тэнцлээ сайжруулж, ханшаа тогтворжуулах боломжтой. Товчхондоо ханш хаашаа эргэх вэ гэдэг нь Монгол Улсын төлбөрийн тэнцэл ямар байхаас л хамаарна. Өнөөгийн нөхцөлд төлбөрийн тэнцэл алдагдалтай хэвээр байна. Тийм ч учраас төгрөгийн ханш ам.долларын эсрэг сулрах дарамт үргэлжилсээр байгаа юм.

 

Төлбөрийн тэнцлийн алдагдалтай холбоотойгоор ханшид ирж буй дарамтыг Монголбанк валютын нөөцөөрөө аль болох бууруулахыг хичээдэг. Гэхдээ гадаад валютын албан нөөц буурч байгаа учраас Монголбанкнаас валютын зах зээлд оролцох орон зай хумигдсаар байна. Ийм нөхцөлд Засгийн газар богино хугацаанд, шуурхай ажиллаж, хөрөнгө оруулалтаа татаж ханшаа тогтворжуулах нь чухал юм.

 

Т.Туяа