Энэ сарын 17-ны өдөр Токио хотын Чиёода дүүрэгт орших, 5 тэрбум 10 сая иенээр үнэлэгдэх, дээшээ 10 давхар, доошоо хоёр давхар барилгыг дуудлага худалдаагаар зарсан байна. Өнгөрсөн гуравдугаар сарын 1-нд болсон анхны дуудлага худалдаагаар уг барилгыг “Saifukuji” корпораци 5 тэрбум гаруй иенээр худалдан авсан ч заасан хугацаанд мөнгөө төлж чадаагүй аж. Японы “NHK” мэдээллийн агентлаг мэдээллэхдээ тендер зарлаж, шалгарсан хоёр компани дуудлага худалдаанд оролцсоноос Монгол улсын харъяа “Avar Limited Liability Company” дээрх барилгыг 5 тэрбум 10 сая иенээр худалдан авлаа гэсэн мэдээлэл гарсан. Японы зарим эх сурвалжийн мэдээлэлснээр бол “Японы Засгийн газрын хүсэлтээр монголчууд оролцсон байж магадгүй. Хулгайлагдсан иргэдийнхээ асуудлыг шийдэхэд Солонгос иргэдийн холбоог ашиглан Хойд Солонгостой холбоо сүлбээ сайтай Монголоор зуучлуулах магадлал өндөр” гэсэн мэдээлэл шуугиан тариад байсан билээ.

Тэгвэл Япон улс дахь уг барилгыг дуудлага худалдаагаар авсан "Авар" компанийн захирал Ч.Эрдэнэбат өнөөдөр хэвлэлийнхэнд мэдээлэл хийлээ. Тэрбээр “Японы болон Монголын хэвлэл мэдээллийн хэрэгслээр  дуудлага худалдаатай холбоотой  янз бүрийн мэдээлэл цацагдсан. Энэ компанийг иргэний үнэмлэх дээр байдаг гэрийн хаяг дээр байгуулсан юм. Намайг хөдөө явсан хойгуур хаяг андуурагдсан асуудал гарсан байсан. Компанийхаа хаяган дээр би амьдардаг.  Манай компани ямар нэг үйл ажиллагаа явуулдаггүй. Харин Японы хуулийн компаниар дамжуулж энэ дуудлага худалдаанд оролцсон байгаа. Үүнд тухайн компани хэдэн төгрөгийн хөрөнгөтай байх нь хамаагүй. Одоо Японы шүүхээс шийдвэр гарсны дараа энэ талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөх болно гэсэн юм.

Мөн хэвлэл мэдээллийн хэрэгслээр гараад байгаа шиг асуудал байхгүй. Үүнийг худалдаж авахад аль ч улсын Засгийн газрын оролцоо байхгүй. Цэвэр бизнесийн зарчмаар явж байгаа асуудал. Миний дүү Ч.Мичидмаагийн нөхөр Д.Сумъяабазар  УИХ-ын гишүүн болохоор тэгж хардаж байгаа байх” гэж онцоллоо.


Х.Даваа