Монгол Улсад бүртгэлтэй “Авар” хэмээх компани Токио хотын Чиёода дүүрэгт 12 давхар барилга худалдаж авах болсон тухай мэдээлэл өдгөө Монгол, Япон хоёр улсад шуугиан тариад байгаа билээ. 

Энэ асуудлыг тодруулбал, “Пхеньяныг дэмжигч солонгос иргэдийн Япон дахь ерөнхий холбоо буюу  “Чонгрён” гэдэг байгууллага байрлаж байсан Токио хотын Чиёода дүүрэгт орших, 5 тэрбум 10 сая иенээр үнэлэгдэх, дээшээ 10 давхар, доошоо хоёр давхар барилгыг дуудлага худалдаагаар зарсан байна. Өнгөрсөн гуравдугаар сарын 1-нд болсон анхны дуудлага худалдаагаар уг барилгыг “Saifukuji” корпораци 5 тэрбум гаруй иенээр худалдан авсан ч заасан хугацаанд мөнгөө төлж чадаагүй аж. “Чонгрён” гэдэг байгууллага байрлаж байсан уг барилгыг дуудлага худалдаагаар борлуулахад Монголд бүртгэлтэй  дээрх компани таван тэрбум иен буюу 51 сая ам.доллар, монгол мөнгөн тэмдэгтээр 89 тэрбумын санал болгож уг дуудлагаг худалдаанд ялалт байгуулжээ. Хамгийн гол нь Солонгос иргэдийн Япон дахь ерөнхий холбоо дампуурч, 62,7 тэрбум иенийг иений өртэй хоцорсон юм. Иймээс 2012 оны долдугаар сард сард уг барилгыг дуудлага худалдаагаар зарж, өрийг нь барагдуулах шийдвэрийг Японы шүүх гаргажээ.

Тэгвэл Япон улс дахь уг барилгыг дуудлага худалдаагаар авсан "Авар" компанийн захирал Ч.Эрдэнэбат “Японы болон Монголын хэвлэл мэдээллийн хэрэгслээр  дуудлага худалдаатай холбоотой  янз бүрийн мэдээлэл цацагдсан. Энэ компанийг иргэний үнэмлэх дээр байдаг гэрийн хаяг дээр байгуулсан юм. Намайг хөдөө явсан хойгуур хаяг андуурагдсан асуудал гарсан байсан. Компанийхаа хаяган дээр би амьдардаг.  Манай компани цэвэр бизнесийн зарчмаар  газрыг авсан,  ямар ч улс төрийн оролцоо байхгүй. Гэвч Японы болон Монголын хэвлэл мэдээллийн хэрэгслээр  дуудлага худалдаатай холбоотой  янз бүрийн мэдээлэл цацагдсанаас болж шүүх хурал түр хойшлоод байна. Дуудлага худалдаанд Японы хуулийн компаниар дамжуулж энэ дуудлага худалдаанд оролцсон. Бид 5.1 тэрбум иенийг гадаадын хөрөнгө оруулалтын сангаар дамжуулан  шийдвэрлэнэ гэж төлөвлөж байгаа.

Мөн миний дүү Ч.Мичидмаагийн нөхөр Д.Сумъяабазар гишүүн болохоор хүмүүс янз бүрээр хардаад байх шиг байна. Тийм зүйл огт байхгүй Японы шүүхээс шийдвэр гарсны дараа энэ талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөх болно" гэж өчигдөр сэтгүүлчдэд хэвлэлийн хурал зарлах үеэр ийн хэлсэн юм.

Ямартаа ч энэ байгууллагыг санхүүжилтээ хэрхэн бүрдүүлсэн хийгээд чухам ямар учраас ийм их хөрөнгөөр илт давуугаар ялалт байгуулав гэх мэт асуудал хүмүүсийн сонирхолыг татаад байгаа юм. Мөн зарим нэг хүмүүс энэ компани БНАСАУ-тай холбоотой байж болзошгүй гэж үзэж хардаж буй. Учир нь Монголын иргэн, аж ахуй нэгж Японы нийслэлд барилга худалдан авч байсан тохиолдол өмнө нь гарч байгаагүй.

Энэ бүгдээс шалтгаалан  Японы тал манай улсад сэтгүүлчдээ илгээсэн байна. Тэд 5.1 тэрбум иенийг хаанаас босгосон, энэ компани нь ямар үйл ажиллагаа явуулдаг хийгээд “Авар” компанийн захирлын талаар мэдээлэл цуглуулахаар иржээ. Одоогийн байдлаар  Япон улсын долоон сурвалжлагч манай улсад ирчихээд байгаа ба өнөөдөр буцна гэдгийг эх сурвалж хэллээ.

Х.Даваа