Харилцагчдын данснаас 57 сая төгрөг завшсан, “Хас” банкны ажилтанд прокурор яллах дүгнэлт үйлджээ
2016/11/25
Бизнесийн суурь нь итгэлцэл. Тэрдундаа банкны бизнесийн үндэс тулгуурыг харилцагчдын итгэл ямар түвшинд байгаагаас харах ёстой. Тэгвэл “Хас” банктай холбоотой нэг анхаарал мэдээлэл байна. Өнгөрөгч 2015 оны долдугаар сард 17 хүний данснаас 57 сая төгрөг завшсан хэрэг гарсан байдаг. Гэхдээ хэн тийм үйлдэл хийсэн нь мэдэгдэхгүй, хэнд ч үл үзэгдэх этгээд л хийгээ юу гэлтэй. Тэгвэл бодит байдал дээр “Хас” банкны ажилтан удаа дараа хариуцлагагүй үйлдэл хийж, харилцагчдаа хохироосон байдаг.
Хэргийн учиг ингэж эхнээсээ тодорчээ…
2016 оны нэгдүгээр сарын 11-нд харилцагч Э “Миний данснаас 1.3 сая төгрөгийн зарлага гарчээ. Би зарлага хийгээгүй байтал данснаас минь яагаад ийм мөнгө гарсан учрыг шалгаж өгнө үү” гэж Хас банкинд гомдол гаргаснаар тус банкны Мэдээллийн сан, систем хөгжүүлэлтийн хэлтсийн программ хөгжүүлэгч ажилтан Б-гийн үйлдэл олны өмнө ил болжээ. Гомдлын дагуу тус банкны Аудитын газар, Аюулгүй байдлын удирдлагын хэлтсийнхэн шалгахад Б уг мөнгийг ХААН банкны нэгэн харилцагч руу шилжүүлснийг илрүүлсэн байна. Энэ тухайгаа Б “Би программын бодит болон тестийн орчноо андуурч гүйлгээ хийсэн байна. Өөрөөр хэлбэл, шалгалт хийж байхдаа энэ хүний данснаас өөр хүний данс руу мөнгө шилжүүлчихэж” гэж нэг удаа аргалаад өнгөрсөн байгаа юм. Гэвч тэрбээр андуураагүй, санаатайгаар эл үйлдлээ хийж, 17 хүний данснаас 1.1-ээс эхлээд 25 саяыг хүртэл нэг удаагийн гүйлгээгээр өөрийн данс руугаа шилжүүлсэн байгаа юм.
Б гэгч нь Банк, эрх бүхий хуулийн этгээдийн эрхлэх мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн “Хадгалуулагчийн мөнгөн хөрөнгөөс зөвхөн түүний зөвшөөрлөөр буюу даалгавраар гүйлгээ хийх, харилцагчийн зөвшөөрөлгүйгээр харилцах данснаас зарлагын гүйлгээ хийхгүй байх” гэсэн заалтыг зөрчиж, тус банкны харилцагч нарын хувийн данс руу хууль бус аргаар гар дүрсэн байдаг. Б нь 2010 онд Хас банкинд системийн шинжээчээр ажиллаж байгаад гурван жилийн дараа өөрийн хүсэлтээр ажлаасаа гарсан ч тэр оныхоо есдүгээр сард буцаад тус банкинд программ хангамжийн чанарын инженерээр ажиллах болсон нэгэн юм байна. Тэрбээр жилийн дараа тушаал ахиж, программын ахлах хөгжүүлэгчээр ажиллажээ.
Харин өнгөрсөн жил Хас банкинд бүтцийн өөрчлөлт хийж, Б Мэдээллийн сан, систем хөгжүүлэлтийн хэлтэст программ хөгжүүлэгчээр ажиллах болсон байдаг. Б нь банкны үндсэн систем рүү холбогддог программ руу интернэт банкнаас ирсэн мэтээр харагдах хуурамч гүйлгээний мессеж илгээн, харилцагчийн данснаас мөнгийг нь шилжүүлж авдаг байжээ. 2015 оны долдугаар сарын 6-нд ийм аргаар өөрийнхөө 50……80 тоот данснаас өөрийн 50……66 тоот данс руу 2.8 сая төгрөг шилжүүлсэн нь амжилттай болжээ. Тэрбээр энэ үйлдэлдээ амтшиж, улмаар бусдын данснаас өөрийнх рүүгээ мөнгө шилжүүлж эхэлсэн байна.
Мөн тэрбээр үнэт цаасны төлбөр тооцооны өглөгийн данснаас ч мөнгө авчээ. Уг нь тэрбээр ажил үүргийн хувьд ямар ч гүйлгээ хийх, бүртгэл тооцоонд оролцох эрхтэй биш.17 харилцагчийн мөнгөнөөс өөрийн данс руу шилжүүлэхийн тулд Б өөр найз нөхөд, танил талынхаа дансыг ашигладаг байжээ. 2015 оны арваннэгдүгээр сарын 23-нд Б найз Ч-гийн утас руу залган “Чамд ХААН банкны данс байна уу. Хүн надад мөнгө шилжүүлэх гээд ХААН банкны данс асуугаад байна. Чиний данс руу мөнгийг нь шилжүүлээд авчихъя” гэжээ. Найз нь түүнд дансны дугаараа өгөхөд 4.5 сая төгрөг ороод ирж. Энэ мөнгийг найз нь Б руу шилжүүлсэн бөгөөд сарын дараахан дахин түүний ХААН банкны данс руу 1.6 сая төгрөг шилжүүлж, эргүүлэн өөрийн данс руугаа хийлгүүлэв. Энэ тухай Ч “Би тэр мөнгөний талаар Б-аас огт асуугаагүй. Өөртөө нэг ч төгрөг аваагүй” гэсэн байгаа юм. За мөн өөр нэг гэрч О мэдүүлэхдээ “Б нэг өдөр утсаар залган, ХААН банкны данс асуугаад, хөдөөнөөс хүн мөнгө шилжүүлэх гэж байгаа юм хэмээсэн. Удалгүй О-гийн дансанд 25 сая төгрөг орж ирснийг Б-д бүгдийг нь өгсөн” гэв. Харин Б энэ мөнгөөр машин авчээ. Тэрбээр машин зарна гэсэн зарын дагуу Ц-тэй “Ард” кино театрын урд талбайд уулзан, “Toyota Lexys RX-400 Н” маркийн автомашиныг нь 30 сая төгрөгөөр авахаар тохирч, 28 саяыг нь бэлнээр, үлдсэнийг нь сарын дотор өгөхөөр болжээ. Яг сарын дараа Б үлдсэн хоёр сая төгрөгөө Ц-д өгч, машиныг нь нэр дээрээ шилжүүлэн авсан аж.
Бас нэг Э-гийн гар утсанд энэ оны нэгдүгээр сарын 6-нд данснаас нь 1.3 сая төгрөгийн зарлага гарсан тухай мэдээлэл иржээ. Энэ талаар Э гэрийнхээ ойролцоох Хас банкнаас очиж асуутал “Таны данснаас интернет банкаар дамжиж ХААН банкны харилцагч Отгондаваа гэх хүний данс руу шилжжээ.Энэ талаараа ХААН банкнаас очиж асуусан нь дээр” гэж. Ингээд Э ХААН банкинд очиход “Энэ гүйлгээ Хас банкнаас гарсан учир тус банкнаас очиж асуу” гэх нь тэр. Ингэж хоёр банкны хооронд хэдэнтээ явсны эцэст Э Хас банкинд албан ёсны хүсэлт бичиж өгснөөр тав хоногийн дараа “Залруулга” гэсэн утгатайгаар уг банкнаас Э-гийн хохирлыг барагдуулсан аж.
Хэргийг Б үйлдсэн бөгөөд “Программын туршилт хийхэд алдаа гарсан” хэмээн гүрийж, аргалсан гэдэг. Өөрийнх нь данснаас өөр нэгэн сэм гүйлгээ хийж буйг хохирсон 17 хүний нэлээд олон нь мэдээгүй байж. Хувьцаа зарж олсон мөнгөө үнэт цаасны төлбөр тооцооны өглөгийн дансанд хийсэн Ө 1.2 сая төгрөгөөрөө алдсанаа хожим мэджээ.
Ер нь бол Хас банкны удирдлагын зүгээс тавих хяналт тогтворжоогүй, хөндлөнгийн хяналтын тогтолцоо сул байсныг Б мэддэг ч давуу талаа ашиглан, байгууллагын мөнгөнөөс зургаан сарын турш завшсан байгаа юм. Б нь шунахуйн сэдлээр харилцагчдын данснаас 57 сая төгрөг авч, Хас банкинд онц их хэмжээний хохирол учруулсан нь баримтаар тогтоогдсон учраас Прокурорын байгууллагаас түүнд Эрүүгийн хуулийн 156.3 дахь хэсэг буюу Банкны тухай хууль тогтоомж зөрчсөн үндэслэлээр яллах дүгнэлт үйлдээд байна.
www.shuurhai.mn
Hariltsagch · 2016/11/25
Dotood hyanalt iim muu yum uu? yanaa? Er ni ene programm hangamjiinhyg davhar davhar hyanalttai bolgomoor yum. Tatvaryn programmchin NOT-iin mon bainga hojdog geed l yarih yum.