2013 оны 8 дугаар сарын 23-ны өглөөний 6 цаг 10 минутад л олон улсын “Нарантуул” худалдааны төвд гал гарч, Онцгой байдлын газарт галын эхний дуудлага 6 цаг 21 минутад ирсэн байдаг аж.

"Нарантуул" худалдааны төвд гарсан галын дүгнэлт болоод хохирлын хэмжээ гарсан талаар бид мэдээлсэн. Тэгвэл энэ талаар дэлгэрэнгүй тайлбарыг  УМБГ-ын Онц хүнд гэмт хэрэг мөрдөн хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Э.Идэрцог: “Бид дөнгөж сая дүгнэлтийг хүлээж авлаа. Галын дүгнэлтийг иргэд их сонирхож байгаа. Мөрдөн байцаагчийн шинжээч томилсон тогтоолын дагуу онцгой байдлын газрын галын шинжээч гурван хүний  бүрэлдэхүүнтэй комисс ажиллаад дүгнэлтийг албан ёсоор 2013 оны 10 дугаар сарын 24-ний өдөр гаргалаа. Уг дүгнэлтээр хүнсний захад санаатайгаар гал гаргасан гэх ул мөр, шинж тэмдэг огт илрээгүй. Тэсэрч, дэлбэрэх бодисын нөлөөгөөр гал үүссэн гэх дүгнэлт гараагүй. Гал гарсан шалтгаан нь хүнсний зах дотор үйл ажиллагаа явуулж байсан цайны газрын цахилгаан дамжуулах сүлжээнд шилжилтийн эсэргүүцэл үүссэний улмаас гал гарсан гэсэн дүгнэлт гарсан. Тэр гал өдөөгдөж цааш гал ихсэх шалтгаан болсон.Анх гал гарахад байлдааны болон уул уурхайн зориулалтын тэсрэх, дэлбэрэх болон бензин, солярка, шатамхай бодис нөлөөлсөн гэх зүйл огт алга байна. Харин гал гарсны дараа хүнсний зах дотор байсан хийн тулганы баллон, шүршдэг үнэртэй ус, баллонтой үнэртэн, 50 орчим ширхэг 18 литрийн савтай шар тос, бусад бүтээгдэхүүнүүд галыг богино хугацаанд дэлгэрэхэд маш хүчтэй нөлөөлсөн. Дээврийн төмөр хийц, шаланд үзлэг хийхэд байлдааны болон уул уурхайн зориулалтын тэсэрч, дэлбэрэх бодисонд өртсөн гэх шинж тэмдэг байхгүй, дээврийн төмөр их хэмжээний халуунд уяраад доош унасан, унахдаа дор байсан ямар нэгэн механик эд зүйлийг цохиж тэнд доороос дээш чиглэлтэй цооролт үүссэн байсан. Дээврийн төмөр шаталтанд улайсаад залгаасаараа цоорч урагдсан.Бид бүр дээврийн төмрийн цооролттой хэсгийг хэсэгчилж тасалж авч үзээд өөрсдийн  шинжээчийг томилж дүгнэлт гаргуулахад  галын шинжээчийн дүгнэлттэй таарч байсан.  Шинжээч томилон нийт 53 төрлийн дүгнэлт гаргасан” гэлээ.  
 

Ш.Сайхансамбуу гарсан хэрэг явдлын талаар өгсөн ярилцлагадаа гурван ширхэг сум олдсон, ер нь гадны нөлөөтэй гэсэн яриа гаргасан талаар албаны хүн “Хэргийн газрын нөхөн үзлэгээр гурван ширхэг ака бууны хонгио хураагдсан. Тэр сум бол буудлага үйлдэгдээгүй, бүтнээрээ байсан сум гэж үзэж болно. Энэ нь их хэмжээний галд хошуу хэсэг нь хайлаад хонгионоос /хойд гол төмөрт цохигчгүй болсон/ салсан байдалтай олдсон. Энэ утгаараа галыг өдөөсөн зүйлгүй, буудагдаагүй сум юм. Нарантуул зах дээр ил, далд хууль бус аргаар их хэмжээгээр зарагддаг, ака буунд хэрэглэгддэг сум.Хэн нэгэн лангууны эзэнд хадгалагдаж байжээ” гэж ойлгож болно хэмээн мэдээлэл өглөө.

Уг хэрэгт нийтдээ 448 хүн хохирогчоор байцаалт өгч нийлбэр дүнгээрээ 16 тэрбум 371 сая гаруй төгрөгийн эд зүйл байсан гэж тогтоосон. Үүнийг нь албан ёсны үнэлгээний комиссыг томилж шалгуулахад хол зөрсөн юм байхгүй. Нэг ёсондоо илүү үнэлж байгаа хохирогч нар байхгүй ээ. Үүнээс таван тэрбум 954 сая төгрөгийн эд зүйлийг мөрдөн байцаалтын шатанд хохирогчдод буцаан олгосон. Үлдсэн 10 тэрбум гаруй төгрөгөөр хохирогчид хохирчээ гэж үзэж болно гэж мэдэгдсэн юм.

Мөн Нарантуул захын агуулахаас хурааж авсан нийт 42 сая төгрөгийг Монгол банк бэлнээр сольж өгчээ. Уг мөнгийг хэн, хэний мөнгө болох талаар хохирогч нарын байцаалт, мэдүүлгийг нарийвчлан үзэж тогтоогоод тэдэнд хүлээлгэн өгсөн байна.

Х.Даваа