Өнөөдөр “Үндэсний өгөх өдөр” тохиож байна. Монголд гурав дахь  жилдээ зохион байгуулагдаж байгаа  энэхүү арга хэмжээ нь Монголчууд ядарч зовж яваа нэгэндээ хэрэгтэй цагт нь тусалж чаддаг гэдгийг харуулах зорилготой анх үүсгэн хэрэгжүүлж эхлэсэн.

Энэ жилийн хувьд "Өгөх өдөр" ТББ-тай олон байгууллага хамтран ажиллаж байгаа бөгөөд тэд хүүхэд багачуудын дунд уралдаан зарлаж мөн Э.Алтангэрэл хүүд туслахаас гадна Батсүмбэрийн асрамжийн газарын ахмадуудыг ор хөнжлийн шинэ даавуутай болгох зэрэг олон ажлыг төлөвлөн ажилжээ.

Тодруулбал, тэд өнгөрсөн жилийн өгөх өдрөөр АНУ-ын нэрт зохиолч Шел Силверстайны “Өглөгч Мод” номыг нийслэл болон хөдөө орон нутгийн сургуулиудад үнэгүй тараасан бөгөөд тэр номыг уншаад төрсөн сэтгэгдлээ өөрийнхөөрөө тайлбарлах зургаар  илэрхийлэх зохион бичлэг болон гар зургийн уралдааныг зарлаж байсан. Уралдааны ялагч өнөөдөр буюу "Үндэсний өгөх өдөр" шагналаа гардан авна.

Мөн энэ өдөрт нэгдсэн Хамтын халуун сэтгэл нэгдлээс Батсүмбэрийн асрамжын газрын бүх ахмадуудад ор хөнжлийн даавуу дэрний уутыг иж бүрнээр нь солих аяныг фейсбүүк цахим хуудсаар өрнүүлээд байгаа аж.

Түүнчлэн энэ оны хоёрдугаар сард Дорноговь аймгийн Ихэд суманд гэртэйгээ шатаж түлэгдсэн Э.Алтангэрэл хүүд туслах хандивын аяныг "Үндэсний өгөх өдөр"-ийг тохиолдуулан дахин явуулахаар болжээ. Учир нь түүнийг Солонгос руу эмчилгээнд явуулахад хөрөнгө мөнгө дутаад байгаа гэнэ. Өнгөрсөн хугацаанд түүний эмчилгээнд зориулж хандивын тоглолт хийсэн боловч эмчилгээний зардал 15 сая төгрөгнөөс дөрөв орчим сая төгрөгийг нь олсон байна. Ийн түүнд тусалж буй Оюунлаг нийгмийн залуус ТББ-ын залуус Үндэсний өгөх өдөрт нэгдэн түүнд дахин хандив цуглуулж байгаа юм.

Х.Даваа