С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийг шийдвэрлэсэн шүүх хурлын талаар хуульч О.Алтангэрэлтэй ярилцлаа. Төрийн нууцад хамааралтай гэх нэрийн ард өнөөдөр эргэлзээ дагуулсан олон зүйл үлдэж буй учраас хуульч, өмгөөлөгчийн байр суурийг хүргэе.

-18 жилийн турш илрээгүй байсан хэрэг илэрч, С.Зоригийн амь насанд халдсан хүмүүст шүүхээс ял сонсголоо. Олны анхааралд орсон энэ хэргийг бүхэлд нь хаалттай, тодорхой мэдээлэлгүй нууц явуулахаас өөр аргагүй байсан хэрэг үү?

-Энэхүү хэргийг мөрдөн шалгах тагнуул, цагдаагийн хамтарсан ажлын хэсгийн үйл ажиллагаа тасралтгүй 18 жил үргэлжилсэн байна. Эргээд санах юм бол 18 жилийн турш ажлын хэсгийн хайгуул зөвхөн Монголд төдийгүй тив алгасан хийгдэж ирсэн. Европт тусгай ажиллагаа явуулж хүн барьж ирлээ, АНУ-д хүн барилаа гэсэн мэдээлэл ч гарч байсан. Өнгөрсөн хугацаанд явуулсан үйл ажиллагаа бараг бүхэлдээ нууцаар явагдсан байх үндэслэлтэй. Нууцаар үйл ажиллагаа явуулсан энэ бүх үйл явдлын зах зухаас нь олон нийт дөнгөж сонсч ирсэн. Аливаа улс орны хуулийн байгууллагын гүйцэтгэх ажил, энгийнээр бол тагнуулын үйл ажиллагаа маш нууц байдаг. Мөн төрөл бүрийн нууц ажиллагаанд оролцогч, хэрэгжүүлэгч тусгай ажилтны нэр нууц байх учиртай. Тэгэхээр шүүх хурлын явцад нотлох баримтыг шинжлэн судлах явцад олон төрлийн нууц задрахаас сэргийлэн шүүх хуралдааныг хаалттай явуулахаас өөр аргагүй байсан болов уу. Энэ талаас нь харвал шүүх хурлыг хаалттай нууц явуулахаас өөр арга байхгүй. Гэхдээ ажиллагааны явцад цугларсан нотлох баримтуудаар хүнийг яллаж л байгаа юм бол нэгэнт бий болсон нотлох баримт нь өөрөө нууц байх ёсгүй. Үнэхээр шүүх хурлыг нээлттэй хийх бололцоо байхгүй байсан юм бол манай шүүхийн практикт байгаагаар хэрэг шийдвэрлэж дууссаны дараа ямар үндэслэлээр энэ хэргийг шийдвэрлэсэн бэ гэдгээ олон нийтэд тайлбарладаг.

-Шүүх хурлаар шүүгдэгч гурван хүнийг С.Зоригоос гадна өөр бусад хүмүүсийн амь насанд халдсан гэж ялласан байсан. Тэдгээр хүмүүс хэн байв. Хохирогчдын ар гэрийнхэн шүүх хуралд хохирогчоор оролцсон уу, үгүй юу гэх мэт асуулт үлдэж байна?

-Улсын ерөнхий прокурор М.Энх-Амгалангийн хэлснээр яллагдагч нарыг С.Зоригоос гадна дөрвөн хүний амь насыг хөнөөсөн хэргээр ялласан гэсэн. Шүүгдэгчид гэмт хэргээ нуун далдлахын тулд дөрвөн хүний амь насыг хохироосон гэсэн мэдээллийг хуулийн ажилтнууд өөрсдөө хэлчихлээ. Тэгвэл энэ дөрвөн хүний амь нас ямар байдлаар яаж хохиров. Гэмт хэрэг хэзээ үйлдэгдсэн юм, шүүх хурлаар нийт хичнээн нотлох баримтыг шинжлэн судлаад хэдийг нь үндэслэлтэй гэж үзсэн юм. Ямар үндэслэл дээр ял оногдуулсан гэдгээ шүүх тайлбарлахгүй бол энэ хэрэг олон нийтийн хувьд урагшаа ахисан зүйлгүй үлдлээ.

-Нас барсан дөрвөн хохирогчийн мэдээлэл нь төрийн нууцад хамаарах уу?

-Хамаарахгүй. Гарсан гэмт хэрэг нууцад хамаарахгүй. Хүний үхлийг нууц гэж дарж болохгүй. С.Зоригийн амийг хөнөөсөн хэргийн шүүх хурлаас гадна дөрвөн хүний амь насыг хөнөөсөн шүүх хурал давхар болоод өнгөрсөн байгаа биз. Дөрвөн хүнийг хөнөөсөн гэж тогтоогдсон байтал тэр дөрвөн хүн хэн байсныг хэн ч ярихгүй, ар гэрийнхэн нь хохирогчоор шүүх хуралд албан ёсоор ороогүй харагдаж байна. Гэмт хэргээ нуун дарагдуулах үүднээс дөрвөн хүний амийг хөнөөсөн гэх таамаглалыг л үлдээлээ. Түүнчлэн энэ хэрэгт яллагдагч шүүгдэгчээр гурван хүнийг ялласнаас биш захиалагч нь хэн бэ гэдэг нь тодорхойгүй, шийдвэрлэгдээгүй үлдэж буй нь харамсалтай.

-Захиалагч нь энэ шүүх хурлаар гарч ирсэнгүй, ял авсангүй үлдлээ. Хэрэв захиалагч нас барсан байлаа гэхэд шүүхээс шийдвэр гардаггүй юм уу. Эсвэл энэ хэргийн захиалагч талыг үргэлжлүүлэн шалгаж байгаа гэж үзэхээр байна уу?

-Шүүх хурлаас ялласан зүйл ангийг нь харахад захиалагч нь Монгол Улсад байхгүй байна уу эсвэл нас барчихсан юм болов уу гэсэн хувилбараар бодогдохуйц байна. Энэ хэрэг шийдвэрлэгдсэний дараа талийгаач С.Зориг агсны дүү С.Оюуны гаргасан мэдэгдлээс үзэхэд энэ хэрэг бүрэн шалгагдаж дуусаагүй юм байна.

Одоо захиалагчтай холбоотой шалгах ажиллагаа явагдаж байх магадлалтай юм байна гэж бодогдсон. Хэргийн хавтаст хэрэгтэй танилцсан хохирогч талын өмгөөлөгч “Энэ хэрэг шалгагдаж дуусаагүй юм байна” гэж үзсэнээс нь харахад захиалагч талыг эрэн хайх, шалгах ажиллагаа цааш үргэлжилж байна гэж уншигдаж байна. Хуулиараа захиалагч тал ял шийтгэлгүй өнгөрнө гэж байхгүй. Захиалагч тал гүйцэтгэгчтэй нэгэн адил ял шийтгэл хүлээх ёстой. Гэтэл олон түмний нүдэн дээр захиалагч байна гэж шүүх дүгнэсэн мөртлөө захиалагчийг нь ил гаргасангүй, шийтгэсэнгүй. Хэрэв захиалагч нь хэрэг хүлээх чадваргүй буюу нас барсан тохиолдолд шүүх заавал зарлах үүрэг хүлээхгүй ч шүүх шийтгэх тогтоолоо бичихдээ хэний захиалгаар вэ гэдгээ, хэрэв илрүүлээд олчихсон бол тэрний захиалгаар энэ хэрэг үйлдэгдсэн болно гэж бичигдэж таарна. Энэ бүхнээс үзэхэд энэ хэрэг цаашаа үргэлжлэн шалгагдаж, захиалагч талыг шалгаж байх магадлал тун өндөртэй.

-Энэ хэрэгт С.Зориг агсны гэргий Б.Булган хохирогчоор оролцов уу, гэрч үү, эсвэл гэмт хэрэгт оролцогч талын нэг байв уу?

-Уг нь хохирогч байсан. Дараа нь хоригдсон. Хохирогчийг хорихгүй л дээ. Хорьж байна аа гэдэг нь сэжигтэн, яллагдагч байсан гэсэн үг. Шүүх хуралдаанд хохирогчийн хувиар лав оролцсонгүй. Мөн шүүгдэгч ч болсонгүй. Эсвэл сэжигтэн байж байгаад холбогдогч биш болсон байж болно.

Магадгүй Б.Булгантай холбоотой хэрэг эцэслэн шийдвэрлэгдэж дуусаагүй юм болов уу гэсэн таамаг тавигдахаар байна. Эхний ээлжинд гүйцэтгэгчдийг шийтгэчихэж байгаа юм байна гэж ойлгосон.

-Ял авсан хүмүүсийн өмгөөлөгч нарыг ярилцлага, мэдээлэл өгөхийг хориглосон байна лээ. Төрийн нууцад хамаарах хэрэг учраас өмгөөлөгч нар ярилцлага өгч болохгүй гэж гарын үсэг зурсан гэсэн?

-Хэрэг доторх төрийн нууцыг битгий задал гэж гарын үсэг зуруулснаас биш өмгөөлсөн хүнийхээ талаар ямар байр суурьтай байснаа битгий хэл гэж гарын үсэг зуруулаагүй байж таарна. Өмгөөлөгч хүн шүүх хуралдаанд орохдоо өөрийнхөө үйлчлүүлэгчийн ялыг хөнгөрүүлэх тактиктай орсон юм уу, эсвэл бүр цагаатгуулах байр суурьтай орсон юм уу гэдгээ олон нийтэд хэлж болох л байхгүй юу. Энэ нууц зүйл биш. Хохирогч талын өмгөөлөгч шүүх хурлын дараа давж заалдана гэж ярьсан байна лээ. Давж заалдана гэдэг чинь бид шүүхийн шийдвэртэй санал нийлэхгүй байна гэдгээ илэрхийлсэн хэрэг. Энэ хэрэгт шийтгэгдсэн хүмүүс гянданд хоригдохоор болсон. Чанга дэглэмтэй гяндангийн ялтан жилдээ нэг удаа гурван цаг хүртэлх уулзалт хийх эрхтэй болдог. Тэгэхээр энэ хүмүүс хэргийнхээ талаар ч юм уу өөрсдийгөө өмгөөлөх байр суурийг илэрхийлэх бүх бололцоо нь үндсэндээ хаагдчихаж байгаа юм. Нэгэнт шүүгдэгч хүмүүст эрхээ хамгаалах бололцоо үлдэх боломжгүй болж байхад шүүх болон энэ хэргийг мөрдсөн ажлын хэсгээс хүмүүсийг хилсдүүлээгүйгээр ял оногдуулсан гэдгээ олон нийтэд заавал мэдээлэх хэрэгтэй. Одоо мэдээлэл өгөхөд оройтсон гэж бодохгүй байна. Монгол Улсын шүүхийг гэмгүй хүмүүсийг авчраад жүжиг тоглуулаад 20 гаруй жил хилсээр оногдуулчихлаа гэдэгт хуульч хүнийхээ хувьд яагаад ч би итгэхгүй байна. Харин хэргийн зах сэжүүр баримтаас олон нийтэд тодорхой хэмжээгээр мэдээлж, дэлгээсэй гэж хүсч байна. Үнэндээ гадуур таарсан хүн болгон л гэмгүй хүмүүсийг шийтгэчихсэн юм биш үү гэж ярьж байна.

-Яллагдсан хүмүүсийн ар гэрийнхнийг төрийн нууц задруулав, ярилцлага мэдээлэл өгч болохгүй шүү гэж удаа дараа хэлсэн байдаг. Энэ нь хүний эрхийг зөрчсөн үйлдэл үү, үгүй юу?

-Төрийн нууцыг хамгаалах ёстой хүмүүс нь хамгаалах ёстой болохоос биш шүүгдэгч хүмүүсийн ар гэрийнхэн нь хамгаалах үүрэг хүлээхгүй. Ойр дотнын хүмүүсээ өмгөөлж дуугарах эрх хэнд ч бий. Тухайлбал, гэрийн гаднаас нь цагдаа хүн бариад явсан бол тэрийгээ ярих нь төрийн нууцад хамаарчихгүй. Ардчилсан нийгэмд хүн өөрийнхөө үзэж харснаа чөлөөтэй илэрхийлэн ярьж, ойр дотнын хүнээ өмгөөлөн дуугарах эрхтэй. Хэрэв төрийн нууц нэрийн дор тодорхой эрхийг нь хязгаарлаж байгаа бол энэ ардчилал, шударга шүүх засаглал биш.

Б.ДОЛЗОДМАА