Ноёд” группийн ерөнхий захирал Г.Буяндоржийг цагдан хорих хугацаа энэ сарын 8-нд дуусах аж. Мөрдөн байцаалтын явцад оргон зайлсан, дуудсан цагт ирээгүй гэсэн үндэслэлээр түүнийг Улсын ерөнхий прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах албаны ажилтнууд өнгөрсөн наймдугаар сарын 28-нд баривчилж, Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулан шалгаж эхэлсэн юм. Түүнд холбогдох хэд хэдэн хэргийг шалгах явцад Г.Буяндорж бусдыг залилсан биш, бусдад залилуулсан байж болох нөхцөл байдал үүссэн тул түүнийг цааш цагдан хорих шаардлагагүй болж байгаа гэнэ. Түүнийг суллаж, гадуур байцаах эсвэл батлан даалтад гаргах талаар холбогдох албаныхан ярьж эхэлжээ. Учир нь ар гэрийнхэн нь түүнийг батлан даалтад гаргаж авах хүсэлт гаргасан байна.

   “Ноёд” группийн охин компани болох “Ноёд констракшн” компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Д.Батжаргалыг өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт батлан даалтад гаргажээ. Д.Батжаргал “Ноёд констракшн” ХХК-ийн гүйцэтгэх захирал байхдаа С.Билэгтийг Г.Буяндоржтой танилцуулж өгсөн аж. С.Билэгт “Их хэмжээний зээл гаргуулж өгнө. Тэгэхийн тулд компани чинь миний нэр дээр бүртгэлтэй байх шаардлагатай юм байна” гэж Г.Буяндоржийг мэхлэн, “Ноёд констракшн”-ийг нь өөрийн болгож авчээ. Г.Буяндорж түүнд компаниа өгөхдөө эхлээд Б.Батжаргалын нэр дээр шилжүүлсэн юм байна.  

Х.Эрхэм