Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны 21 дүгээр хуралдаан өнгөрөгч бямба гаригт болов.

Нийслэлийн гэр хорооллынхонд энэ өвөл 183 мянган айл өрхийн хэмжээнд 900 мянга орчим тонн түүхий нүүрс хэрвээ 5500-5800 ккал/кг илчлэг бүхий боловсруулсан түлш буюу хагас коксон шахмал түлш, үртсэн шахмал түлшээр орлуулбал 600 мянга орчим тонн хэрэгцээтэй байгаа аж.

2013-2014 оны өвлийн улиралд Улаанбаатар хотын түүхий нүүрс түлэхийг хязгаарласан бүсийн айл өрхийн хэмжээнд 35 мянга тонн орчим боловсруулсан түлш шаардлагатай. Энэ жил хагас коксон утаагүй түлш үйлдвэрлэх “Шарын гол энерго”, “НАКО түлш”, “МАК”, шинээр хагас коксын үйлдвэр байгуулж үйлдвэрлэлээ эхлүүлж буй “Хөх чоно“ групп, “Баялаг эрдэнэ цом” ХХК гэсэн нийт таван компани байгаа юм байна.
“Шарын гол энерго” ХХК 5000 тонн хагас коксон шахмал түлш, “НАКО түлш” ХК 1000 тонн хагас кокс, “МАК” ХХК 15.000-20.000 тонн хагас кокс, “Хөх чоно” групп 8900 тонн хагас кокс, “Баялаг эрдэнэ цом” ХХК 2000-3000 тонн хагас кокс тус тус үйлдвэрлэхээр төлөвлөжээ.

Нийтдээ 30 000-35 000 тонн хагас кокс, хагас коксон шахмал түлш үйлдвэрлэх гэж байгаа ч “Хөх чоно” групп зэрэг зарим үйлдвэр тоног төхөөрөмжийн суурилуулалт, технологи зүгшрүүлэлтийн шатандаа “НАКО түлш”, “Баялаг эрдэнэ цом”, “МАК” үйлдвэрлэлийн зардлын санхүүжилтын асуудал хүндрэлтэй гэх зэргээс 20 мянга орчим тонн хагас коксон түлш үйлдвэрлэх боломжтой гэж үзжээ.

Галлагааны улирал аль хэдийнээ эхэлсэн байхад  гурван жилийн өмнөх бэрхшээл зовлон дахин тоочиж байгаа нь учир дутагдалтайг Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны дарга П.Цагаан сануулж, иймэрхүү маягаар ажиллавал 50 жилийн дараа ч утаанаас ангижрахгүй хэмээн ажлаа яаравчлахыг хатуу анхааруулсан юм. Машины дугуй зэрэг агаар ихээр бохирдуулдаг зүйлс түлж шатааж буй айл өрхийг иргэд өөрсдөө илрүүлж гар утсаар зургийг нь авч холбогдох байгууллагад илгээх, утаатай тэмцэхэд иргэд идэвхтэй оролцох шаардлагатай гэдгийг энэ үеэр онцлов.

“Цэвэр агаар” сан 2011 онд байгуулагдаж, жил бүр давхардсан тоогоор 22 орчим ажил санхүүжүүлж, 92,5 тэрбум төгрөг төсөвлөн ажиллажээ. Хамгийн сүүлийн байдлаар тус сангаас утаагүй 45 мянган ширхэг зуухыг айлуудад тарааж байгаа юм.
Түлш үйлдвэрлэгчдийг дэмжих, бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, бүтээгдэхүүний өртгийг бууруулахаар “Багануур” ХК-ийн нүүрсний уурхайгаас 100 мянган тонн түүхий нүүрсийг дулааны цахилгаан станцуудад борлуулж байгаа үнээр нийлүүлэхээр болсон юм.

Х.Даваа