Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас дэлхийн хамгийн их агаарын бохирдолтой хотын жагсаалтын хоёрдугаарт Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотыг нэрлэсэн байна. Олон нийтийн эрүүл мэндийн институтын судалгаагаар Улаанбаатарт агаарын бохирдлоос шалтгаалсан амьсгалын замын өвчлөл 2004 оноос 2008 оны хооронд 45 хувиар нэмэгдсэн аж.

Харин Иран улсын Ахваз хот агаарын бохирдлын хэмжээгээрээ дэлхийн бусад хотуудыг тэргүүлжээ. Түүнчлэн агаарын бохирдол өндөртэй хотуудад Индонезийн нийслэл Жакарта, Энэтхэгийн Канпур, Ираны Тегеран, Пакистаны Кветта, Хятадын Шанхай тус тус нэрлэгдсэн байна.

Дэлхий дээр өдөр бүр таван сая хүн агаарын бохирдлоор хордож байна. Хөгжиж буй орнуудын нас баралтын шалтгааны 25 хувь нь байгаль орчны хүчин зүйлтэй холбоотой байгааг Дэлхийн эрүүл мэндийн байгууллага мэдэгджээ.


Х.Даваа