Одоо хэрэгжиж байгаа дүрмээр тээврийн хэрэгслийг ажлын өдрүүдэд 07.00-22.00 цагийн хороонд улсын дугаарын хязгаарлал хийн замын хөдөлгөөнд оролцуулж байгаа. Ийнхүү арга хэмжээг авснаар замын хөдөлгөөний ачаалал 20 хувиар буурсан төдийгүй иргэд уг шийдвэрийг үргэлжүүлэх хүсэлтээ НЗДТГ-т удаа дараа илэрхийлж байсан билээ. Тэгвэл дахин асуудлаар иргэдийн дунд санал асуулга явуулахаар болжээ.

Тодруулбал, хотын замын хөдөлгөөний ачааллыг бууруулах ажлын хэсгийн хуралдаанаар энэ онд хийх зам засварын ажил дууссан, хэд хэдэн уулзвар, зам шинээр барьж, өргөтгөн хөдөлгөөнийг нээсэн учраас хүйтний улиралд дугаарын хязгаарлалтыг цуцлах асуудлаар иргэдээс санал асуулга авах аж.

“Хүйтний улиралтай холбогдуулан дугаарын хязгаарлалтгүй болохыг та дэмжиж байна уу?” гэсэн асуулттай санал асуулгыг маргаашнаас эхлэн 48 цагийн хугацаанд НЗДТГ-ын www.ulaanbaatar.mn, www.facebook.com/ub.gov цахим хуудас болон Замын цагдаагийн газрын stop.mn сайт, facebook/Замын-Цагдаагийн-Газар/ хаягаар, news.mn, gogo.mn, olloo.mn, medee.mn, zaluu.com сайтуудаар авах юм байна.

Мөн “Улаанбаатар сонсож байна” нийслэлийн лавлагаа мэдээллийн төвөөр дамжуулан маргааш 09.00 цагаас 14-ны 21.00 цагийн хугацаанд мобикомын 100 мянган хэрэглэгчийн дунд мессежээр санал авах аж. Ингэснээр  дугаарын хязгаарлалтгүй болох талаарх албан ёсны шийдвэрийг гаргах юм байна.

Х.Даваа