Тэвдсэн нэгэндээ халуун сэтгэлээрээ туслая
2013/11/17
“Мөрөөдөл биелдэг” нэвтрүүлгийн уран бүтээлчид МУГЖ Л.Жанчивдорж агсны хүү найруулагч, жүжигчин Жамьяансүрэнг бөөр шилжүүлэн суулгах мэс засалд оруулахаар БНСУ-руу энэ сарын 25-нд явахаар төлөвлөсөн байна. Тэвдсэн нэгэндээ халуун сэтгэлээрээ тусладаг бүх монголчуудыг энэхүү хандивын арга хэмжээнд сайн дураараа нэгдэхийг хэсэг уран бүтээлчид уриалсан юм.
Ж. Жамьяансүрэн нь 2009 оноос бөөрний дутагдалд орж бөөр солих мэс засалд БНСУ-д яаралтай орох шаардлагатай байгаа ба энэ өртөг өндөртэй хүнд мэс засалд орохоор Солонгос улсыг зорихоор бэлтгэл ажилдаа оржээ.
Жүжигчин, найруулагч залуу 2009 онд бөөрний архаг дутагдалд өвчнөөр өвдөж Улсын клиникийн 1-р эмнэлэгт хяналтанд орж 7 хоногт гурван удаа диализийн бөөр орлох аппаратанд ордог юм байна. Бөөр орлох аппарат хүрэлцээ муу байдгаас зарим үед аппаратанд орж чадахгүй амь насанд аюултай нөхцөл байдал үүсдэг тул хувийн эмнэлэгт нэг удаа 160,000 төгрөг төлж ордог. Бөөрний архаг дутагдал өвчин нь эмчилгээ, эм тарианы өртөг өндөр тул өвчтөнд эдийн засгийн хувьд хүндээр тусдаг аж. Эмчилгээний дэглэмээс шалтгаалж ажил хийх боломжгүй ба 80 хувийн хөдөлмөрийн чадвараа алдсан байдаг. Нэг өдөрт эмчилгээний зардалд 30,000 төгрөг зарцуулдаг. Одоогийн байдлаар 2009 оноос хойш эмчилгээндээ 60-д сая төгрөг зарцуулжээ.
Мөрөөдөл биелдэг нэвтрүүлэгтэй БНСУ-н Wonkwang их сургуулийн Wonkwang эмнэлэг хамтран ажиллаж байгаа бөгөөд эмнэлгийн зүгээс тодорхой хөнгөлөлт/ 50 хувь/ дэмжлэг үзүүлж байгаа бөгөөд тэдэнд одоо шаардлагатай байгаа хагалгаа, эмчилгээний зардал 45 сая төгрөг болоод байгаа аж.
Жүжигчин Ж. Жамьяансүрэн нь 1973 онд МУГЖ Л. Жанчивдоржийн ууган хүү болон мэндэлсэн. Одоо ам бүл дөрвүүлээ эхнэр, охин -2 настай, хүү- 8 сартай хамт амьдардаг. Тэрбээр 1980 онд 45-р сургуулийг төгсөн 2000 онд КУДС -ийг жүжигчин найруулагч мэргэжлээр төгссөн юм. 2000-2002 онд Улсын драмын эрдмийн театрт жүжигчинээр ажиллаж байсан. 2009 онд “Эссэч ” интертеймэнтийг үүсгэн захирлаар ажиллаж, өдийг хүртэл чөлөөт уран бүтээлчээр ажиллаж ирсэн билээ.
Уран бүтээл:
- 1993 онд “Сүүн гол” кино зохиол бичсэн
- 1995 онд “Зүрхэн чулуу” кино зохиол бичсэн
- 1999 онд “ Зөвхөн надад дурлаач” жүжгийн зохиолыг бичиж, найруулан тавьсан
- 2000 онд С.Эрдэнийн “ Хойд насандаа учирна” романыг кино зохиол болгосон.
- 2002 онд “ Мөрөөдлийн хөлөг онгоц” телевизийн олон ангит уран сайхны кинонд гол дүр
- 2004 онд “Нэгэн нарны дор” телевизийн олон ангит уран сайхны кинонд гол дүр бүтээсэн
- 2005 онд Япон Монголын хамтарсан “ Тэнгэр газрын хязгаарт хүрэхүй” Чингис хааны тухай бүрэн хэмжээний уран сайхны кинонд Монгол талын найруулагчаар ажилласан
- 2007 онд “ Бид 4-н хайр” телевизийн олон ангит уран сайхны кинонд туслах дүр
- 2008 онд “Зүүдний үргэлжлэл” уран сайхны кинонд туслах дүр
- 2009 онд “ Сексийн эрх чөлөө” уран сайхны киноны зохиолыг бичиж, найруулсан
- 2010 онд “Эзэнгүй бөгж” уран сайхны кинонд туслах дүр
- 2013 онд Г. Аюурзана зохиолчийн “ Бөөгийн домог” романыг кино зохиол болгосон. Одоо дэлгэцийн бүтээл болгохоор ажиллаж байгаа.
Уран бүтээлчийг дэмжин хувь хүмүүс албан байгууллагуудыг эмчилгээний зардалд хандив өргөж туслахыг сайхан сэтгэлт Монголчууддаа уриалж байна.
Дансны дугаар: Жанчивдоржийн Жамьяансүрэн-ХААН банкны 5027613885
Холбоо барих утас: 9191-5840, 9111-6150, 9990-6921
Өлзий · 2013/11/19
Ашгүй дээ нэг нь гэсэн эрүүл болж байвал. Далайд дусал нэмэр туслаарай хүмүүс ээ