-Ш.Батхүү гэгч хэн бэ-
Ш.Батхүү нь 1985 онд Санхүү эдийн засгийн техникум, 1990 онд ОХУ-ын Москва хотын Статистик-эдийн засгийн их сургуулийг төгссөн байна.

1990-1992 онд Статистикийн төв газарт эдийн засагч, 1992-1994 онд УБ хотын гүйцэтгэх захиргаанд мэргэжилтэн, 1994-1996 онд “MCS” ХХК-д дэд захирал, 1996-1999 онд “Жамп” ХХК-д дэд захирлаар тус тус ажиллаж байсан туршлагатай нэгэн юм.

1999 оноос 2013 он хүртэл “Жаст Групп” ХХК-н ерөнхий захирлаар ажиллаж байгаа бөгөөд “Хадгаламж” банкны ТУЗ-н дарга, Хүний нөөц урамшууллын асуудал эрхэлсэн хорооны даргаар ажиллаж байгаад ийнхүү банкаа Төрийн банкинд нэгтгэжээ...

-"Жаст"-ын гэх тодотголтой  хэрэг хаанаас эхлэв-

Өмнөд Африкийн “Стандарт” банкнаас 109 сая ам.долларын зээл авсан, зээл авахдаа “Эрдэнэт” үйлдвэрийг барьцаанд тавьсан гэх асуудалд ороогдож,” Хадгаламж” банкийг дампууруулахад хүргэсэн цорын ганц буруутан болох “Хэргийн эзэн, хэнгэрэгийн дохиур” гэгдэж буй “Жаст” группын захирал асан Ш.Батхүү.
Ш.Батхүү нь Өмнөд Африкийн  “Стандарт” банкнаас “Эрдэнэт” үйлдвэрээр батлан даалт гаргуулж ТӨХ, “Эрдэнэт” үйлдвэрийн удирдлагуудын гарын үсгийг хуурамчаар үйлдэн зээл аваад эргүүлэн төлөөгүй учир ийнхүү шалгагдаж байгаа билээ. Засгийн газрын бондын хөрөнгөөс зээлсэн мөнгөө Олон Овоотын алтны төсөлд хэрэглэсэн ч  хоёр жилийн хугацаанд алт гарахгүйгээс болж төсөл нь бүтэлгүйтжээ.  Энэхүү орд нь анх Ц.Мянганбаярынх байсан гэх. Тэрбээр Ш.Батхүүтэй гэрээ хийхдээ Олон овоотын алтны ордыг 25 тонн алтны нөөцтэй  гэж хэлж байжээ.  Харин алт гарч ирэхгүй байхаар нь тэрбээр Африкийн орноос эрдэс баялагийн нөөц тогтоодог байгууллагынханд хандаж Олон овоотын нөөцийг тогтоолгоход тус орд нь 25 тонн биш 4 тонн хүрэхгүй алтны нөөцтэй байв. Ийн 4 тонн алтыг гаргахаар олборлолт хийвэл ашгаасаа илүү зарлага гарахаар байгаа учир “Жаст”-аа “Магнай трейд”-д зарсан гэдэг.

Олон овоотын  төсөл нь ингэж бүтэлгүйтнээс болж Ш.Батхүү “Жаст ойл” компаниа “Магнай трейд”-д, “Жаст агро”-гоо татан буулгаж, “Хадгаламж” банкиа Төрийн банкинд нэгтгэсэн юм.   Тэрбээр 2008 онд "Эрдэнэт үйлдвэр"-ээс барьцаа гаргуулан “Стандарт” банкнаас 20 сая долларын зээл авч байжээ. Энэ зээлээ хугацаанд нь нь зээлээ төлсөн гэдгээ мэдэгдсэн.  Сүүлд "Стандарт" банкнаас ахин 160 сая долларын зээл авсан бөгөөд энэ удаад "Эрдэнэт үйлдвэр"-ээс ямар нэгэн баталгаа гаргуулаагүй, зөвхөн өөрийн хөрөнгөө барьцаалсан гэдгээ албан ёсоор мэдэгдээд байна.  Энэ зээл нь  "Эрдэнэт үйлдвэр", “Жаст” хоёр хамтарч зэсийн баяжмалын наймаатай холбоотой учраас "Стандарт банк" зээлийн асуудлаар "Эрдэнэт үйлдвэр"-т албан бичиг ирүүлсэн юм байна.  Түүнийг "Стандарт" банкнаас зээл авахдаа хуурамч гарын үсэг ашигласан гэх мэдээлэл гарсан ч үүнийг тэрбээр өнөөг хүртэл эрс үгүйсгэсээр ирсэн.

-Хэрэгт холбогдоод буй албан тушаалтнууд-

Дээрх хэрэгт нэмж хоёр хүнийг сэжигтнээр татан шалгаж эхэлсэн юм.  “Хадгаламж” банкны гүйцэтгэх захираласан Л.Бадамцэцэг, “Жаст” группийн Санхүү эрхэлсэн дэд захирал асан Н.Батсайхан нарыг түүний хэрэгт холбогдуулан шалгах шаардлага гарчээ.Гэхдээ тэднийг одоогоор цагдан хориогүй бөгөөд тайлбар мэдүүлэг авч  байгаа аж.

Одоогоор "ЖастОйл" компанийн нийслэл, орон нутагт үйлажиллагаа явуулж буй 45 шатахуун түгээх станц, "Махмаркет" компанийн үйлдвэрийг битүүмжлээд байгаат алаар өнгөрөгч долоо хоногт УМБГ-аас мэдээлэл хийсэн юм

Ш.Батхүүгийн хувьд зах зээлд олон зуун саяар үнэлэгдэх “Хадгаламж” банкаа Төрийн банкинд нэгтгэсэн учраас түүний “Стандарт” банкинд учруулсан хохирлыг хэрхэн барагдуулах нь тодорхойгүй  байгаа. Тэрбээр зээлээр авсан мөнгөнийхөө 70 гаруй хувийг Олон овоот төсөлд зарцуулсан ч төсөл бүтэлгүйтсэн гэж мэдүүлжээ. ӨмнөдАфрикийн “Стандарт” банкныхны хувьд хохирлоо Монгол Улсын Засгийн газраар төлүүлэхээр Арбитрийн шүүхэд хандаад байгаа юм.

“Эрдэнэт” үйлдвэрийн захирал асан Ч.Ганзориг албан тушаалаа урвуулан ашиглаж “Жаст” группийн захирал Ш.Батхүүг их хэмжээний зээл гадны банкнаас босгоход тусалсан хэрэгт сэжигтнээр тооцогдон шалгуулж байгаа юм.

Гэвч зээлээ графикийн дагуу төлөөгүй учраас тус банкны ажилтнууд “Эрдэнэт” үйлдвэрийг зорин ирж  зээлээ нэхсэн байна. Энэ үеэс л уг асуудал сөхөгдсөн аж. Ингэхдээ “Стандарт” банкны ажилтнууд  Төрийн өмчийн хорооны дарга Д.Сугар болон “Эрдэнэт” үйлдвэрийн захирал  асан Ч.Ганзоригийн  нарын баталгаат гарын үсэг бүхий зээлийн баталгааг үзүүлж өр нэхэмжилжээ. Энэ үед хэргийн эзэн хэнгэргийн дохиур Ш.Батхүү "“Стандарт” банкнаас зээл авахдаа “Эрдэнэт” үйлдвэрийн хуучин удирдлага огт хамааралгүй би тус үйлдвэрийн нэр дээр хуурамч бичиг баримт бүрдүүлсэн" хэмээн гүрийж эхэлсэн нь асуудлыг улам хурцатгасан байна.  

 -Д.Сугар, Ч.Ганзориг нарын гарын үсгийг хуурамчаар үйлдсэн нь тодорхой болжээ-

Ш.Батхүү нь төрийн өндөр албан тушаалтнуудын гарын үсгийг хуурамчаар зурж, Өмнөд Африкийн “Стандарт” банкнаас их хэмжээний мөнгө зээлж авсан ч эргэж төлөөгүй гэх хэргийг УМБГ-ынхан шалгаж байгаа. Тэгвэл тэрбээр зээл авахдаа “Эрдэнэт” үйлдвэрийн дарга асан Ч.Ганзориг болон ТӨХ-ны дарга асан Д.Сугар нарын гарын үсгийг хуурамчаар үйлдсэн нь Шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн гаргасан дүгнэлтээр тодорхой болсон аж. Мөн тэрбээр мөрдөн байцаалтын явцад хийсэн хэргээ хүлээж, Өмнөд Африкийн “Стандарт” банкнаас авсан 109 сая ам.долларынхаа 70 гаруй хувийг “Олон овоот” төсөлдөө зарцуулсан хэмээн мэдүүлэг өгсөн байна. Түүний авсан нийт зээлийн хэмжээ 140 сая ам.долларт хүрчээ. Ийнхүү Ш.Батхүүгийн зээлсэн энэ их хэмжээний долларыг “Стандарт” банкныхан Монгол Улсын Засгийн газраас нэхэмжлэн Арбитрийн шүүхэд гомдол гаргаад байгаа юм.

Уг нь цагтаа “Жаст”-ынхан хүссэн тендертээ ялж, хийе гэж бодсон бүхэн нь ямар ч саад тотгоргүй биелдэг байсан цаг саяхан. Гэтэл нэг л өдөр их хөрөнгөний эзэн Ш.Батхүү сэтгүүлчдэд “Би жирийн хүн болсон” гэж мэдэгдэж Монгол улсын нэрийг дэлхийн бизнесмэнүүдийн дунд биш  Арбитрийн шүүхэд дуурсагдах боллоо.

-Хамгийн хачирхалтай нь хуурамч гарын үсэг-

Энэ хэргийн хамгийн хачирхалтай гэмээр сонирхол татаж буй нэг зүйл нь “Эрдэнэт” үйлдвэрийн дарга асан Ч.Ганзориг болон ТӨХ-ны дарга асан Д.Сугар нарын гарын үсгийг хуурамчаар үйлдсэн гэх мэдүүлэг. Уг нь манай улсад чинь банкнаас зээл авах гэж өчнөөн бичиг баримт бүрдүүлж байж муу ард иргэд чинь ганц хоёр зээл авдаг юмсан. Гэтэл Ш.Батхүү яаж хоёрын хоёр хүний гарыг үсгийг хуурамчаар зуран Өмнөд Африкийн “Стандарт” банкнаас их хэмжээний мөнгө зээл авч чадсан байх уу.
Ямартай ч эрх мэдэлтнүүд гарын үсгээр асуудлаа торохгүй нэг шийддэг байсан жишээ дээрх хэргээс харагдаж байна.

Х.Даваа