Монголын үндэсний олон нийтийн телевизийн хэсэг уран бүтээлчид захирал Ч.Даваабаярыг олон нийтийн телевизээр овоглох эрхгүй хэмээн мэдэгдэж, албан тушаалаас нь огцруулах санал гаргасан. Уран бүтээлчдийн тавьж буй үндэслэл нь Ч.Даваабаярыг ETV телевизийг сурталчилсан, албан тушаалаа ашиглаж хувийн компаниудтай гэрээ байгуулсан гэсэн асуудлуудыг хөндсөн билээ.

Тиймээс ажлын таван өдөрт багтаж албан тушаалаас нь татгалзуулах саналыг МҮОНРТВ-ийн захирал М.Наранбаатар болон Үндэсний зөвлөлийнхөндөө гаргаснаа дуулгасан юм. Телевизийн тогоонд бодит байдал хэрхэн өрнөж буй талаар захирал Ч.Даваабаяр өчигдөр мэдээлэл өгсөн юм. Хэвлэлийн бага хурлын үеэр тэрбээр:

-Таныг олон нийтийн телевизийн удирдлагын албан тушаалд тохирохгүй хэмээн уран бүтээлчид үзэж байгаагаа дуулгасан. Үнэхээр албан тушаалдаа тэнцэхгүй хэмжээнд хүрчихэв үү?

-МҮОНТВ-ийг гаднаас нь харахад олон нийтийн статустай, хуультай, олон нийтэд үйлчилдэг сайхан байгууллага мэт харагддаг ч дотор нь ороход хувьцаат компани хэлбэрээр ажлаа явуулж байгаа нь ажиглагдсан. Дунд шатны нэгдэл, албадын дарга нар төсөл хөтөлбөртэй хамтран нэвтрүүлэг бэлтгэхдээ жирийн уран бүтээлчдийн нэр дээр хувийн компанийн нэрээр гэрээ байгуулж төсөв, мөнгийг нь авдаг. Тухайн уран бүтээлчдэд жаахан хувь хүртээж ихэнхийг нь өөрсдөө авдаг дотоод сүлжээ байсан. Ийм асуудлыг л хөндөж, хууль дүрмээ барьж ажиллахыг шаардсан юм. Гэвч энэ нь тодорхой хэсэг хурган дарга нарын ашиг сонирхлын асуудал болсон.

-Хувьцаат компани болсон тухайг тодруулахгүй юу. Уран бүтээлчид хувьдаа мөнгө завшдаг гэсэн үг үү?

- “Нэг минут-нэг сая” нэвтрүүлгийн хөтлөгч Г.Ханхүү хоёр жил да­раалан зөрчил гаргасан нь дотоод аудитын шалгалтаар тогтоогдсон. Энэ жил ч гадны компанитай гэрээ байгуулж олон нийтийн телевизийн нэвтрүүлгээ цацаж их хэмжээний мөнгийг хувьдаа авсан нь шалгалтаар илэрсэн. Мөн Л.Цагаандалай сэтгүүлч саяхан “Адуучин” тэмцээнийг Ерөнхий сайдын ивээл дор бэлтгэхдээ 200 гаруй сая төгрөгийг хувьдаа авсан байсан. Хэвлэл мэдээллийн зардал тодорхой хэмжээгээр тусгагдсан. Үндэсний телевиз “Адуучин” гэсэн брэнд нэвтрүүлгийг бэлтгэсэн бол телевизтэй гэрээ байгуулж тэнд ажилласан уран бүтээлчдэд урамшуулал, шагнал олгох ёстой. Л.Цагаандалай одоог хүртэл гэрээгээ үзүүлэхгүй, тайлан өгөхгүй яваад байсан учир захирлын дэргэдэх салбар зөвлөлөөр асуудлыг авч хэлэлцэхийг хүссэн юм. Хоёрдугаар нэгдлийн н.Наранцэцэг “Miss Mongolia” гэх нэвтрүүлгийг бүтэн сарын турш нэвтрүүлсэн ч бас л гэрээ байхгүй, төлбөр мөнгө нь яаж зарцуулагдсан нь тодорхойгүй хэвээр байгаа. Тиймээс дотоод аудитын шалгалт оруулсан. Телевиз ганцхан данстай. Энэ дансаар мөнгөө авч, орж байх ёстой. Би энэ байгууллагад ажиллах хугацаандаа хууль, эрх мэдлийн хүрээнд ажлаа явуулж ирсэн. Дарамталж, араас нь мөрдөж мөшгидөг, хөөж туусан үйлдэл гаргаагүй. Ном дүрмээрээ ажилла гэсэн шаардлага тавьсан.

-Таныг ETV телевизийг сурталчилсан гээд байгаа. Энэ талаар?

-Ирэх жил болох Дэлхийн хөл бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнийг ETV  орон даяар дамжуулах эрх авсан. Дэлхийн хэмжээний тэмцээнийг дамжуулах контентийг худалдаж авсан телевиз хэвлэлийн хурал зарласан. Хэвлэлийнхэн очоод сурвалжлага авсан. Түүнээс биш очиж мэдээлэл ав гээгүй. Би ETV телевизэд хоёр жил ажилласан туршлагаараа үндэсний телевизийг HD пормат руу шилжүүлэх төлөвлөгөөтэй ажиллаж байгаа. Үүнээс гадна ажилласан хугацаандаа 100 орчим бүтээлийг оюуны өмчийн хамгаалалтад авсан.

-Тэгвэл энэ бүхэн ажлаас халагдах хэмжээнд яригдах асуудал мөн үү?

-Би үндэсний олон нийтийн телевизэд шинэчлэл хийхээр ирсэн. Орчин үеийн телевизийн зах зээл рүү хурдан шилжүүлэх хүсэл эрмэлзлэлтэй. Өөрийнхөө боломжоор ажилчдаа дайлах, хувийн техникээ ашиглуулах тохиолдол байсан. Тухайн үед өөрийнх гэж харамлаагүй. Ажилчдын энэ үйлдлээс ажиглахад хувийн юмаа улсад битгий ашиглуул, аль болох улсын юмыг ашигла гэж хэлээд байгаа юм гэдгийг ойлгож байна. Энэ асуудлаар маргааш /өнөөдөр/ Үндэсний зөвлөлийнхөн хуралдана. Ямартай ч зөрчилтэй байгаа хурган дарга нарыг АТГ-т шалгуулна. Энэ ажлаасаа буцахгүй, няцахгүй. Үе үеийн телевизийн дарга нарыг үдлээд буудаг, ирээд буцдаг, улс төрийн тодорхой хэмжээний албан тушаал болгож хувиргасан юм билээ. Үндэсний олон нийтийн телевиз орчин үеийн телевизийн зах зээл рүү шилжихэд сайн менежментээр ажиллах ёстой.

Х.Даваа