Жил бүрийн  өнөөдрийг буюу 12 сарын 1-нийг дэлхий нийтээр ХДХВ/ДОХ-той тэмцэх өдөр болгон тэмдэглэдэг уламжлалтай. ДОХ-ын халдвартай тэмцэж байгаа бүх төрийн бус байгууллагууд, холбогдох яам, тамгын газрын хүмүүсээс гадна иргэд эдгэшгүй эл өвчний эсрэг эв санаа, үзэл бодол, дуу хоолойгоо нэгтгэн улаан туузаа зүүцгээдэг билээ.

Төрийн бус байгууллага Монгол улсад ХДХВ/ДОХ, БЗДХ-аас урьдчилан сэргийлэх, хүн амын дунд сургалт, сурталчилгаа хийх чиглэлээр мэргэшсэн үйл ажиллагаа явуулж эхэлснээс хойш 21 жилийг ардаа үдэж байна.

Дэлхий нийт ДОХ-ын эсрэг үйл ажиллагаагаа 2015 он гэхэд шинэ халдварын тоог тэглэх, нас баралтыг тэглэх, ялгаварлан гадуурхалтыг тэглэх гэсэн уриан дор хэрэгжүүлж байгаа бөгөөд энэ жил манай улс мөн “ХАЛДВАРЫН ТАРХАЛТЫГ ТЭГЛЭЕ” уриатайгаар тэмдэглэж буй.

Нийслэлд болон орон нутагт энэ чиглэлийн тогтмол идэвхитэй үйл ажиллагаа явуулж буй 20 гаруй байгууллага ажилладаг. Эдгээр байгууллагын ихэнх нь олон улсын байгууллага тусламж үйлчилгээг Манай улсад өргөжүүлэх, эрсдэлт олон нийтэд урьдчилан сэргийлэх мэдлэг олгох, тусламж үйлчилгээ үзүүлэх, сургалт явуулах болон халдвар авахаас хамгаалах, эрсдэлт зан үйлийг өөрчлөх түгээх зэргээр мөн ХДХВ, ДОХ-ын халдварт өртөх эрсдэлтэй олон нийт болох хөдөлгөөнт хүн ам, Эрчүүдтэй бэлгийн харьцаанд ордог эрчүүд/ЭБЭ/, Биеэ үнэлэгч эмэгтэйчүүд /БҮЭ/, хар тамхи хэрэглэгчид зэрэг олон нийтийн дунд үндсэн үйл ажиллагаагаа явуулж байна.

ДОХ-ын халдвар тээгчдийн ихэнх хувийг эрэгтэй хүмүүс зонхилж байгаа бөгөөд ЭБЭ бүлгийнхэн 81 хувийг эзэлж байна гэсэн судалгаа бий.

ЭМ-ийн дэд сайд Ж.Амарсанаа: "Монгол улс залуучуудын орон. Иймд энэ халдварт өртөхгүй байхын тулд та бүхэн ялангуяа залуучууд, хосууд бие биедээ үнэнч байх болон бусад урьдчилан сэргийлэх аргуудыг хэрэгжүүлэх хэрэгтэй байна. Монгол улс өнөөдрийн байдлаар нийт хүн амын дунд ХДХВ-ийн халдварын бага тархалттай орон. Гэвч эрсдэлт бүлгийн хүн амын дундах халдварын тоо өссөөр байгаа нь энэ асуудалд анхаарлаа хандуулах шаардлагатай гэдгийг харуулж байна" гэлээ.

Мөн НҮБ-ын ХАС-ын суурин төлөөлөгч Noami Kitahara мэдээлэхдээ: “Цаашид ХДХВ, ДОХ-ын асуудалд хүний эрхийг хүндэтгэж авч үзэх нь чухал. ХДХВ, ДОХ-той хүний эрхийг хамгаалах хууль, эрх зүйн орчинтой улс орнуудад уг халдварын тохиолдол сүүлийн жилүүдэд тогтвортой буурч байна. ХДХВ-ээс үүсэлтэй ялгаварлан гадуурхалт, гутаан доромжлолоос болж халдвартай хүмүүс эмчилгээ, оношилгоонд тэр бүр хамрагдаж чадахгүй байна” гэв.

ХӨСҮТ нь дэлхийн стандартад нийцсэн  ХДХВ, ДОХ-ын  лабораторийн багажийг тусламж үйлчилгээндээ ашиглаж байгаа нь оношилгоо, эмчилгээ, урьдчилан сэргийлэх үйлчилгээгээрээ дэлхийн орнуудтай нэг жишигт үйл ажиллагаа явуулдаг. Монгол улсад 2013 оны өнгөрөг наймдугаар сарын сүүлчээр ДОХ-ын 146, 147 дахь тохиолдол илэрсэн бөгөөд аравдугаар сард 148 тохиолдол бүртгэгдсэн юм. Харин хамгийн сүүлд  11 дүгээр сарын 20-нд ХДХВ/ДОХ-ын нийт 149 дэхь тохиолдол бүртгэгджээ. ХӨСҮТ-д урьдчилан сэргийлэх зорилгоор шинжилгээ өгсөн үйлчлүүлэгчийн сорьцонд хийсэн шинжилгээгээр ХДХВ-ийн халдварын шинэ тохиолдол илэрч, онош батлагдсан Энэхүү үйлчлүүлэгч нь 25-29 настай, эмэгтэй хүн.

Бүртгэгдсэн тохиолдлуудад ХДХВ-ийн халдвар 98.0% бэлгийн замаар дамжсан байна, 2.0% тодорхойгүй. Цус цусан бүтээгдэхүүнээр, эмнэлгийн тусламж үйлчилгээтэй холбоотой халдварын тохиолдол, мөн эхээс хүүхдэд халдвар дамжсан тохиолдол албан ёсоор бүртгэгдээгүй байна. Халдвартай 7 эхээс төрсөн  8  хүүхдэд (1 эх давтан төрсөн) ХДХВ-ийн халдвар илрээгүй байна.

Нийт тохиолдлын 72.4% Улаанбаатар хотын, 27% хөдөө орон нутгийн харьяaлалтай хүмүүс.  Нийт тохиолдлын 85.2% Улаанбаатар хотоос, 14%  хөдөө орон нутгаас оношлогдсон, 0.8% тодорхойгүй. Үүн дээр, 18 гадаадын иргэд ХДХВ-ийн халдвартай нь Монголд тогтоогдсон.

ДОХ-ын нийт тохиолдлын 81.2%  эрэгтэйчүүд эзэлж байгаа бөгөөд Эмэгтэйчүүд 18.1% хувийг эзэлж байна. Түүний дотроос 41% нь эмэгтэй биеэ үнэлэгчид байгаагаас 1 хүн тодорхойгүй.

ХДХВ-ийн халдвартай нь тогтоогдсон нийт тохиолдлын 19 нь нас барсан. 115 нь ХДХВ-ийн халдварын үедээ, 33 нь ДОХ-ын шатандаа оношлогдсон байна. Одоогийн байдлаар 89 хүн ХДХВ-ийн эсрэг эмчилгээнд хамрагдаад эмчлэгдэж байгаа.

Оношлогдох үеийн насны ангилалаар: 15-24 нас – 20.1%: 25-34 нас – 44.3%: 35-44 нас – 30.2%: 45 дээш нас – 4.6% байна.

Үүнээс хамгийн айдас төрүүлж байгаа нь 674 хүн халдвартай гэдгээ мэдээгүй явж байх магадлалтай аж. 2012 оны байдлаар манай дэлхийд 35.3 сая хүн ХДХВ/ДОХ-той амьдарч, 1.6 сая хүн ДОХ-ын өвчлөлөөр нас баржээ.  2011 оны эцсийн байдлаар ХДХВ-ийн халдвартай 674 хүн байж болох тооцоолол хийжээ.

Олон улсын глобаль сан, НҮБ-ын төрөлжсөн агентлагууд, Европын холбоо, хөгжингүй зарим орны сэргийлэх, эрсдэлт олон нийтэд үзүүлж буй буцалтгүй тусламжийн хүрээнд хэрэгжүүлж байгаа санхүүжилтийн хэмжээ сүүлийн жилүүдэд буурах хандлагыг дэлхий нийтээр санаа зовнин харж байгаа юм. Манай улсын хүмүүнлэгийн байгууллагуудаас ДОХ-той хүмүүсийн эмчилгээний зардалд зориулж өгдөг байсан санхүүжилтээ олгохоо зогсоон, буцалтгүй тусламж бүрэн зогсч байна. Хэдийгээр манай улсад ДОХ-ын халдвартай хүмүүсийн тоо харьцангуй цөөн байгаа тул өөрийн улсын Засгийн газраас хариуцах бүрэн боломжтой хэмээн мэргэжилтнүүд үзэж байгаа ч цаашид энэ тоо өсч эхэлвэл Засгаас эмчилгээний бүх зардлыг даана гэдэг хэцүү болох нь хамгийн том асуудал болох нь гарцаагүй.

Тиймээс ДОХ-оос сэргийлэх хамгийн энгийн найдвартай шилдэг арга бол Залууучууд гэлтгүй гэр бүлтэй хүмүүс бие биедээ үнэнч байж, тохиолдлын бэлгийн харьцааг тэвчиж, өөрсдийгөө болоод ирээдүй хойч үеэ энэхүү эдгэршгүй аюулт өвчнөөс аварч чадна.

 

Х.Даваа