Ардчилал гарснаас хойш иргэд үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх нь нээлттэй болсон. Үүнээс үүдэн “Тэмцэгчид” хавар цагийг сонгон жагсаал цуглаанаа хийж төв талбайг доргитол жагсдаг болоод удаж буй. Хэсэг бүлэг нөхөд цуглаан хийж төрийн ордны үүдэнд зогсохыг ард олон “Хаврын синдром” хэмээн хошигноод авдаг. Харин одоо энэ хошигнол “Өвлийн синдром” хэмээн улирлаа өөрчлөөд авч байна уу гэлтэй.  Учир нь өнгөрсөн тавь дахь өдөр Увс аймгийн Тариалан сумын засаг дарга хэдэн малчидаа дагуулж ирээд хэвлэлийн бага хурал хийж УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар, Б.Чойжилсүрэн хоёрыг эргүүлэн татах талаар хэвлэлийн хурал хийсэн билээ. Тэднийг мөнгө тараасан нь нотлогдсон тул эргүүлэн татахыг шаардаж, СЕХ-ноос авсан сая төгрөгөө буцааж өгөхөөр Улаанбаатарт ирээд  байгаа юм. Иргэдийн төлөөлөл энэ асуудлаар өчигдөр буюу даваа гарагт ҮАБЗ-д шаарлага хүргүүллээ.

Энэ  талаар МАН-ын бүлгийн дарга Н.Энхболдоос тодруулахад  “Увсын асуудлаар ямар ч яриа байхгүй. Сонгууль хуулийн дагуу явагдсан, УИХ-ын гишүүн болох болзлыг бүрэн хангасан гээд СЕХ Ерөнхийлөгчөөр дамжуулаад УИХ-д өргөн мэдүүлсэн. Хоёр гишүүн бүрэн эрхээ хэрэгжүүлж байгаа. Хоёр гишүүн буруугүйг бүх шатны шүүх тогтоочиход байхад энэ асуудлыг улс төржүүлэхээ болих хэрэгтэй” гэх хариулт өгсөн юм.

УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн, Ч.Хүрэлбаатар нар нь өөрсдөө болохоор ард түмний дэмжлэгээр сонгогдсон, гурван шатны шүүхээр гэм буруугүй гэдгээ нотолсон гэдэг ч нөгөө талд  мөнгө тараасан нь нотлогдсон байхад хуулиа зөрчин гишүүн боллоо гэдэг хардлага тээгчдийг араасаа далгуулсаар л байна. 

Тэдний тараасан 100 мянган төгрөгийг хуулийн дагуу арав дахин нэмэгдүүлж, нэг сая төгрөгийг тус бүр авсан Увс аймгийн Тариалан сумын малчид ч энэ мөнгөө буцааж өгөхөөр Улаанбааатарт ирж Увсын хоёрыг дахиад л сандаралд оруулаад авч байх шиг. Өмнө нь УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн “Бүтэн нэг жил дуугүй явсан. Гурван ч удаагийн шүүхийн шийдвэр бидний талд гарсан” гэж байсан бол Ч.Хүрэлбаатар “Дээд шүүхийн шийдвэр бол хүчинтэй. Бүх зүйл шийдэгдээд Б.Чойжилсүрэн бид хоёр тангарагаа өргөсөн. Тангарагаа өргөснөөс хойш энэ асуудал СЕХ-нд хамаагүй” гэж байсан бол мөнгийг нь авсан сонгогчид нь Төрийн ордоны гадаа шаардлага хүргүүлж байхад тэд бүлгийн хуралдаандаа суугаагүй бөгөөд хаачсаныг нь мэдэх хүн өчигдөр Төрийн ордонд байхгүй байв.

Ямартай ч Увсын Тариалан сумаас ирсэн малчдын төлөөлөл шаардлагаа биелүүлтэл тэмцлээ үргэлжлүүлнэ гэдгээ илэрхийлээд байгаа юм.

Тэднийхээр бол 2012 оны УИХ-ын сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшин өрсөлдсөн Д.Нямхүү, Т.Мэндсайхан нарын УИХ-ын гишүүний тангаргыг өргүүлэх ёстой гэж ийнхүү тэмцлийг эхлүүлээд байгаа юм. Гэтэл тэднийг “96300287” гэх дугаартай утаснаас эмэгтэйн хүн залгаж “Муусайн хотонгууд” гэх зэргээр яс үндсээр нь доромжилж, заналхийлсэн шинжтэй ярьсан байна. Түүнчлэн Тариалан сумын нутгийн зөвлөлийн дарга н.Лхагвасүрэн гэгч бөөрний эмч Намсрай, Нямбуу нарын хамт “Нутгийнхаа ойн талаар ярилцая” гэж тэмцэл хийж буй Тариалан сумын иргэдтэй уулзан “Тэмцлээ зогсоовол мөнгө өгнө. Энэ ажиллагаагаа зогсоочих” гэхчилэн ятгаж авлига өгөхийг оролдсон байна. н.Лхагвасүрэн нь өмнө нь Боловсролын яамны төрийн сангийн дарга байсан нэгэн аж. Түүнээс өмнө Улаангомын 3-р сургуулийн багшаар ажиллаж байгаад Ц.Нямдоржийн менежер ажиллаж байжээ.

Шударга ёсны төлөө тэмцэж байгаа гэх уриатай тэднийг буруутгах аргагүй. Гэхдээ тэд үнэхээр шударга ёсны төлөө ирсэн үү гэдэг бас нэг л эргэлзээтэй.  Учир нь эдгээр малчид хүйтэн орж ес эхлэхээр зэхэж байхад ид ажлын цагаар автомашин хөлслөн 40 гаруй км замыг туулж аймгийн төвдөө ирсэн байгаа юм. Тэгээд Улаанбаатар хотод онгоцоор буусан. Буцахдаа мөн адил ирснээрээ буцна гэнэ. Хамгийн сонирхолтой нь манай малчид баян болоо юу гэлтэй. Ингэж хардахын учир юу гэвэл бүх замын зардлаа өөрсдөөсөө хувиасаа гаргасан гэж мэдэгдэж байгаа юм.Тэгээд Ч.Хүрэлбаатар, Б.Чойжилсүрэн хоёрын багийнхнаас 100 мянган төгрөг тараасныг нотолсон учир энэ мөнгөө арав дахин нэмэгдүүлж Сонгуулийн ерөнхий хорооноос урамшуулал болгон өгсөн сая төгрөгийг ширээн дээр гаргаж шидээд л, дахин дахин тоолоод л...Үгүй мөн баян малчид аа.

Эх сурвалжийн мэдээлж байгаагаар бол Увс аймгийн Тариалан сумаас ирсэн шударга сонгогчид хоёр айлын, ах дүү дөрөв гэнэ. М.Хүүхээ, М.Эрдэнэчулуун гээд овог нэрийг нь харвал тэгж хардаж болохоор. Ах дүүсээрээ нийлж Улаанбаатарт ирж улс төр хийлээ гэж хардагдаад байгаа ийм дөрвөн иргэн дээр сумын Засаг дарга нь нэмэгджээ.

Аливаа асуудал хоёр талтай. Гэхдээ ард иргэдийнхээ төлөө гээд ирж тэмцэж байгаа хүмүүсийг буруутгах гэсэнгүй. Аль нэгэн нам руу дайрахыг хүссэнгүй. Асуудлыг харагдаж байгаагаар нь буулгалаа. Заавал ингэж улстөржүүлэх асуудал байхгүй байлтай. Сонгогдоод жил гаруйн хугацаа өнгөрчихлөө ингэж байхын оронд харин УИХ-ын Б.Чойжилсүрэн, Ч.Хүрэлбаатар нараас сонгогдсон тойрогтоо амласан амлалт, хийх ёстой ажлаа хийж байна уу гэдгээр нь ярьж амлалтын нэхэж шаардаад сууж баймаарсан даа иргэд минь.

Жилийн турш үргэлжилж байгаа Увсын тойргийн маргаантай асуудлыг холбогдох газрууд нь хурдан шийдээсэй билээ.

Х.Даваа