О.Ганбат, Б.Пүрэвдорж нарт сахилгын шийтгэл ногдууллаа
2013/12/07
Европын Комиссын Ерөнхийлөгч Ж.М.Баррозогийн 2013 оны 11 дүгээр сарын 17-18-ны өдрүүдэд Монгол Улсад хийсэн албан ёсны айлчлалын дүнг хэлэлцээд, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд оруулахыг Гадаад харилцааны сайдад даалгалаа. Европын холбооны Төлөөлөгчийн газрыг Улаанбаатарт нээх, Европын Комиссын зүгээс хэрэгжүүлж буй "Хөгжлийн төлөөх элч" (Mission for growth) арга хэмжээг Монголд зохион байгуулах, Хөгжлийн хамтын ажиллагааг нэмэгдүүлэх, Европын холбооноос олгож буй Хөнгөлөлтийн ерөнхий схем (GSP+)-д Монгол Улс 2014 оноос үргэлжлүүлэн хамрагдах болсонтой холбогдуулан хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн гаралтай экспортын бүтээгдэхүүн бий болгож Европын холбооны зах зээлд нийлүүлэх, дээд боловсролын нэгдсэн стандарт "Болоны конвенци"-д Монгол Улс хамрагдах боломжийг судлах зэрэг чиглэлээр хамтран ажиллахаар энэ үеэр тохиролцсон юм.
·
· - Өнгөрөгч 11 дүгээр сарын 28-29-ний өдрүүдэд Бүгд Найрамдах Узбекистан улсын нийслэл Ташкент хотноо болсон Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын Засгийн газрын тэргүүн нарын зөвлөлийн хуралдаанд Шадар сайд Д.Тэрбишдагва ажиглагчаар оролцоод ирсэн. Гишүүн орнуудынхаа эдийн засгийн хамтын ажиллагааг голлон хэлэлцдэг энэ хуралдаанд Шадар сайд Д.Тэрбишдагва хэлсэн үгэндээ "Худалдаа, хөрөнгө оруулалт болон транзит тээврийн нэгдсэн сүлжээг хөгжүүлэхэд чиглэсэн тодорхой төслүүдэд оролцох сонирхолтой байна" гэж Монгол Улсын байр суурийг илэрхийлжээ. Хуралдааны үеэр мөн Узбекистан, Афганистан улсуудыын удирдлага, ШХАБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Ф.Мезенцев нартай уулзалт хийжээ. Хуралдааны мөрөөр Монголын талаас хэрэгжүүлэх ажлуудыг Гадаад харилцааны сайдад даалгалаа.
- 2013 оны 11 дүгээр сарын 25-27-ны өдрүүдэд Москва хотноо болсон Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын 17 дугаар хуралдааны дүнг хэлэлцээд, хоёр талын хооронд хуримтлагдсан асуудлуудыг шийдвэрлэхэд түлхэц өглөө хэмээн сайшаалаа. Хуралдааны мөрөөр хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө гаргаж ажиллахыг Шадар сайд, тус комиссын Монголын хэсгийн дарга Д.Тэрбишдагвад даалгалаа.
· - Монгол судлалыг дэмжих сангийн хөрөнгө, үйл ажиллагааны зардлыг БШУ-ны сайдын төсвийн багцад жил бүр тусган санхүүжүүлж байхаар тогтлоо. Монгол Улсын Ерөнхийлөгч 2012 оны 1 дүгээр сарын 17-ны өдрийн 14 дүгээр зарлигаараа ийм сан байгуулж ажиллах талаар Засгийн газарт чиглэл өгсөн байдаг. Засгийн газар 2012 оны 56 дугаар тогтоолоороо “Монгол судлалыг хөгжүүлэх үндэсний хөтөлбөр” баталж, 2013 оны 5 дугаар сард “Монгол судлалыг дэмжих сан” байгуулсан юм.
· - УИХ-ын дарга З.Энхболдын БНТУ-д хийсэн айлчлалын үеэр Анкара хотноо 10 дугаар сарын 10-нд гарын үсэг зурсан "Иргэд харилцан зорчих тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Турк улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр"-ийг эцэслэн баталлаа. Хэлэлцээрийн дагуу хоёр орны иргэд паспортын төрөл үл харгалзан 30 хүртэл хоног харилцан визгүй зорчино. Мөн монгол иргэд БНТУ-д байх хоног тутамдаа 30 ам.долларын хураамж төлдөг байсан хуучин журам хүчингүй болно.
· - Гадаад харилцааны сайд Л.Болд Серби улсад айлчлах үеэрээ Белград хотноо энэоны 11 дүгээр сарын 8-нд гарын үсэг зурсан "Иргэдийг виз авах шаардлагаас харилцан чөлөөлөх тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Серби улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр"-ийг баталлаа. Цаашид хоёр талын бүх төрлийн паспорт эзэмшигч иргэд тус тусын нутаг дэвсгэрт 6 хүртэл сарын хугацаанд 90 хүртэл хоногоор харилцан визгүй зорчино.
· - Монгол Улсаас НҮБ-ын Женев дэх салбар, олон улсын бусад байгууллагын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч Лувсанцэрэнгийн Оргилыг эгүүлэн татаж, түүний оронд Монгол Улсаас Швейцарийн холбооны улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ваанчигийн Пүрэвдоржийг томиллоо. УИХ-ын 2013 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн нэгдсэн хуралдаанаар Ваанчигийн Пүрэвдоржийг Монгол Улсаас Швейцарийн холбооны улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар томилсон юм.
· - Албан үүргээ удаа дараа хангалтгүй биелүүлсэн Гаалийн ерөнхий газрын дарга О.Ганбат, төрийн албаны нийтлэг үүргээ биелүүлээгүй, сахилгын зөрчил гаргасан Гадаадын иргэн харъяатын асуудал эрхлэх газрын дарга Б.Пүрэвдорж нарт албан тушаалын цалинг нь 6 сарын хугацаанд 20 хувь бууруулах сахилгын шийтгэл ногдууллаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.
Зочин · 2013/12/13
Purevdorjiin tsaling 20% buuruulaad yaahavdee. Yamarch noloo baihgui.