Тагнуулын Ерөнхий Газрын Мөрдөн байцаах хэлтсээс мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж шалгасан “Гал үндэстэн холбоо”- ны тэргүүн Ц.Мөнхбаяр нарт холбогдох 201301000361 дугаартай хэрэгт НПГ-аас 2013 оны 12-р сарын 04-ны өдөр Эрүүгийн хуулийн 177-р зүйлийн 177.2, 149-р зүйлийн 149.3, 185-р зүйлийн 185.2,-т заасан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хянан шийдвэрлэх шүүхийн харъяаллыг тогтоолгохоор Улсын Дээд Шүүхэд хүргүүлжээ.

Ц.Мөнхбаяр нарын хувьд Засгийн газраас УИХ-д барьсан Гол мөрний урсац бүрэлдэх эх, Усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглах хориглох тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг боловсруулахад шууд нөлөө үзүүлэх зорилгоор өнгөрсөн есдүгээр сарын 16-ны өдөр Сүхбаатар дүүргийн 8-р хороо Централ тауэр, Чингэлтэй дүүргийн 4-р хорооны нутаг дэвсгэрт байрлах Засгийн газрын 2-р байр буюу Уул уурхайн яамны гадна тэсэрч дэлбэрэх бодис байрлуулсан.

Улмаар Сүхбаатар дүүргийн 6-р хорооны нутаг дэвсгэрт байрлах Төрийн ордны хашаан дотор буу, сум, гранат, зэрэг галт зэвсэг, байлдааны галт хэрэгсэл, хэрэглэн олон нийтэд айдас төрүүлхэд чиглэсэн нийтэд аюултайгаар хүч хэрэглэсэн буюу хүч хэрэглэхээр заналхийлсэн, 2012 оны 7-р сард иргэн М-ээс 67.000.000 төгрөгийг далайлган сүрдүүлж авсан 2013 оны 4-р сард байлдааны галт хэрэгсэл хууль бусаар худалдан авч бэлтгэсэн, хадгалж авч явсан хэрэгт холбогдон шалгагдсан билээ.

Х.Даваа