Актлагдсан 14-р сургуулийн сурагчид дөрвөн сургуульд хуваагдан хичээллэж байна
2013/12/08
Өнгөрсөн долоо хоногт /2013.12.05-ны өдөр/ Баянзүрх дүүргийн 13-р хороо, Хо Ши Миний нэрэмжит Ерөнхий боловсролын 14 дүгээр сургуулийн хичээлийн байрны барилгын тааз нурсан тухай мэдээлэл ирсний дагуу нийслэлийн Онцгой байдлын газар, нийслэлийн Мэргэжлинй хяналтын газрын албан хаагчид очиход тус сургуулийн 1-р давхрын 00-ын өрөөний урд талын таазны хэсэг нурж, цаашид нурах аюултай, осол гарах нөхцөл бий болсон байжээ.
Тиймээс Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн 2013.12.06-ны өдрийн 02-07-78/418 дугаар акт тогтоож үйл ажиллагааг нь зогсоох арга хэмжээ авсан аж. Тухайн барилгад нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас 2002, 2010, 2013 онуудад ашиглалтын шаардлага хангахгүй талаар дүгнэлтийг тус тус гаргаж байжээ.
Тус сургуулийн сургалтын үйл ажиллагааг тасалдуулахгүй хэвийн явуулахын тулд "өнөөдрөөс эхлэн сурагчдыг сургуулийн өргөтгөлийн барилгад, Шавь цогцолбор сургууль, 44 дүгээр сургууль, 92 дугаар сургууль, 30 дугаар сургуулиудад хуваарилан хичээллэж байна” гэлээ.
Үүнтэй холбоотойгоор нийслэлийн Засаг даргын Хот байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч С.Очирбат хичээл тасалдахгүй байхад анхаарч, цаашид барилгын асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар санал гаргахыг Нийслэлийн Боловсролын газарт, олон жилийн насжилттай сургууль, цэцэрлэгийн барилгын чанарыг шалгах ажлын хэсгийг байгуулахыг Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газарт үүрэг өгсөн байна.
Х.Даваа