Өмнөд Солонгосын реппэр PSY-ийн "Gangnam Style" дуу “YouTube” сайтаас их хэмжээний орлого олсон байна. Энэ тухай тус сайтыг эзэмшигч “Google” компанийн бизнесийн албаны дарга Никеш Арора мэдэгджээ.

Тэрбээр AFP-д өгсөн ярилцлагадаа “Бид PSY-д олгох мөнгөний хэмжээг тодорхой болгож, түүнд илгээсэн. Тэр найман сая ам.доллар олсон. Түүний хичээл зүтгэлийн ачаар "Gangnam Style" манай дүрс бичлэгийн сайтын бүх цаг үеийн хамгийн шилдэг клип болж чадсан” гэв.

"Gangnam Style" дуу нь өнгөрсөн оны долдугаар сард “YouTube” сайтад байрласан бөгөөд өнгөрсөн оны сүүлчээр гэхэд энэхүү клипийг давхардсан тоогоор нэг тэрбум гаруй хүн үзэж сонирхсон байна. Одоогийн байдлаар 1.23 тэрбум удаа үзээд байгаа аж.

“YouTube” сайтын хандлага хариуцсан менежер Кэвин Аллокка “PSY-ийн сонирхолтой бүжиг, этгээд ая нь үзэгчдийг байлдан дагуулж чадсан. Тэр өнгөрсөн оны супер сэдэв байсан. “Google Search”-ээр хүртэл "Gangnam Style" дээгүүрт бичигдсэн” гэжээ.
 

Т.Арьяа