Өнгөрсөн долоо хоногт “Замын цагдаагийн газрыг ирэх сард татан буулгахаар болсон, замын цагдаа 4600 гаруй албан хаагчтай бөгөөд 60 гаруй хувь нь удирдах албан тушаал эрхэлдэг” гэсэн мэдээлэл гарсан билээ.  Тэгвэл энэ мэдээлэл ташаа мэдээлэл ажээ.  Тодруулбал улсын хэмжээнд Замын цагдаагийн 822 алба хаагч ажиллаж байгаагаас байцаагч 346, цагдаа зохицуулагч 476 байна. Үүнээс Нийслэл хотод 436 алба хаагч ажиллаж байгаа бөгөөд үүнээс байцаагч 201, цагдаа зохицуулагч 235 байна. Нийт Улсын хэмжээнд үүрэг гүйцэтгэж буй алба хаагчдын 6.2% нь удирдах албан тушаалтан байдаг юм байна. Харин ч  замын цагдаагийн албан хаагчдын тоог нэмэх шаардлагатай байгаа гэнэ.  Тодруулбал Замын цагдаагийн газар 1990 оны бүтэц орон тоогоор одоог хүртэл албан үүргээ гүйцэтгэж байгаа бөгөөд 1990 оноос хойш тээврийн хэрэгслийн тоо 8.5 дахин, авто замын сүлжээ 1.4 дахин өсөөд байхад Замын цагдаагийн албан хаагч 0.2 дахин өссөн байна. МУ-ын Засгийн газрын 2011 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 153 тоот тогтоолоор баталсан “Цагдаагийн байгууллагын зарим ажил, үйлчилгээ, хангалтын жишиг норматив”-т зааснаар 350 автомашин тутамд 1 замын цагдаагийн алба хаагч, 150 км тутамд 1 байнгын хяналтын пост байхаар зааж өгсөн. Энэ тогтоолын хэрэгжилтээр өнөөдөр албан үүргээ гүйцэтгэж яваа замын цагдаагийн алба хаагчдын тоог 3 дахин нэмэгдүүлэх, техник хэрэгслийг 2.8 дахин нэмэгдүүлж байж өнөөгийн нөхцөл байдалд дөхөж очих юм байна.

Иймд дээрх “Замын цагдаагийн газрыг ирэх сард татан буулгахаар болжээ” гэсэн мэдээлэл нь нийгэмд Замын цагдаагийн албаны нэр хүндийг унагаах гэсэн, нүсэр бүтэц зохион байгуулалттай, ажил хийдэггүй олон албан хаагч байдаг мэтээр ташаа мэдээлэл тарааж байгаа нь 77 жилийн түүхтэй энэ албаныхан болон ард иргэдийн сэтгэлд сэв суулгаж байна.

А.Баярмаа