Манай улсын 156 иргэн гадаадын 16 оронд ял эдэлж байна
2013/12/11
Өдгөө Монгол Улсын 112 000 иргэн хилийн чандад ажиллаж сурч амьдарч байгаа ажээ. Харамсалтай нь зарим иргэд анхаарал болгоомжгүйгээсээ болж гэмт хэрэгт холбогдоод байна.
Монгол улсын 156 иргэн өнөөдрийн байдлаар гадаадын 16 улсад ял эдэлж байгаа. Тэднээс гадна гэмт хэрэгт холбогдон шалгагдаж байгаа 200 гаруй тохиoлдол бий. Харин гадаадад ял эдэлж иргэдийн дийлэнх нь буюу 60 гаруй хувь нь хулгайн хэргээр ял эдэлж байгаа ажээ. Харин 36 орчим хувь нь хар тамхи хэрэглэсэн, тээвэрлэсэн, худалдсан хэргээр ял эдэлж байгаа юм. Харин үлдсэн хувь нь визаны хугацаа хэтрүүлсэн зэрэг зөрчлийн улмаас хилийн чандад ял эдэлж байгаа ажээ.
Гадаадад хулгайн хэргээр ял эдэлж байгаа иргэд давтан хэрэг үйлдэгчид ч цөөнгүй байдаг гэнэ. Өөрөөр хэлбэл гадаадад ял эдэлж байгаа Монгол улсын иргэнийг ялтан солилцох гэрээний хүрээнд гадаадад ял эдэлж эх оронд нь авч ирдэг байна. Харамсалтай нь эх орондоо ирж ялаа эдэлсэн, хугацаанаасаа өмнө суллагдсан иргэд дахин хилийн дээс алхаж гадаадын аль нэг улсад давтан хэрэг үйлддэг байна. Өнгөрсөн жилийн хувьд манай улс гадаадын оронд ял эдэлж байгаа 60 иргэнээ ялтан солилцох гэрээний хүрээнд эх орондоо авч ирсэн байдаг.
БНХАУ-д манай улсын 50 гаруй иргэн ял эдэлж байгаа юм. БНХАУ-тай манай улс 2011 онд “Ялтан солилцох гэрээ” байгуулсан. Улмаар гэрээний хүрээнд 2011 онд хоёр иргэнийг эх орондоо авчирсан юм. Энэ жил мөн долоон иргэнийг эх оронд нь шилжүүлэхээр тохиролцоонд хүрсний гурвыг нь Монголд ирүүлээд байгаа юм. Мөн энэ жил БНСУ-д ял эдэлж байгаа тав, Чехээс нэг, ОХУ-д ял эдэлж байгаа нэг иргэнийг эх оронд нь авчирч ялыг нь эдлүүлэх асуудлыг холбогдох байгууллагуудтай ярилцаж байгаа юм байна.
Манай улсын иргэдийн хувьд гадаадын 16 оронд хар тамхины хэрэгт холбогдоод байгаа. БНХАУ, Солонгос, Малайз, Казакстан зэрэг улс оронд дийлэнх нь ял эдэлж байгаа бол АНУ-д дөрвөн хүн хар тамхины хэргээр ял эдэлж байгаа юм. Хар тамхийг голдуу Малайзаас тээвэрлэдэг зам бий болсон бөгөөд манай иргэд тус улсад визгүй зорчдог нь үүнд нөлөөлдөг байна.
Дашрамд дуулгахад Монгол Улс 19 улстай эрхзүйн туслалцааны, дөрвөн улстай гэмт этгээд харилцан шилжүүлэх гэрээтэй. Манай улсын хувьд 40 орчим улсад дипломат төлөөлөгчийн газар үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд энгийн паспортоор 16 орон руу, дипломат паспортоор 31 оронд визгүй зорчиж байгаа юм байна.