Баянзүрх дүүргийн 48 дугаар сургуулийн зургадугаар ангийн сурагчид энэ сарын 9-нд сургууль дээрээ хордсоноос ХӨСҮТ-д хүргэгдсэн байна. Нэг ангийн 33 сурагчийн 21-ийнх нь бие дээр гэнэт тууралт гарч, үе мөчөөр хүчтэй хатгуулан, булчин нь өвдөж, бөөлжих шинэ тэмдэг илэрсэн тул сургуулийн удирдлагууд ХӨСҮТ-д яаралтай дуудлага өгчээ.

Энэ дагуу тус эмнэлгийн даргын шийдвэрээр 48 дугаар сургуульд долоон хүний бүрэлдэхүүнтэй баг томилон ажилласнаар найман хүүхдийг эмнэлэгт хэвтүүлжээ. Нэг ангийн хүүхдүүд бөөнөөрөө ийнхүү хүчтэй хордсон явдал ЭМЯ-ныхны чихэнд хүрч, тэд ч шуурхай арга хэмжээ авсан аж.

Энэ талаар Халдварт өвчин тандалт судалгааны албаны дарга С.Оюунаас тодруулахад "Тус сургуулийн хоёрдугаар ээлжийн хүүхдүүд хичээлийнхээ хоёрдугаар цагаас эхлэн хордсон байдаг. Эхлээд хоёр, гурван хүүхдийн хүзүү, гаран дээр цэврүүтэй тууралт гарч дараа нь дөрөв, тав болж нэмэгдээд 20-иод хүүхдийн бие дээр онош нь тодорхойгүй тууралт гарсан байсан. Одоогоор хүүхдүүдийн биеийн байдал гайгүй байгаа. Урьдчилсан шинжилгээгээр химийн бодисоос шалтгаалсан хордлого болохыг нь тогтоосон" гэлээ.

Дүүргийн мэргэжлийн хяналтын албаныхан 48 дугаар сургууль дээр ажиллаж, хүүхдүүд химийн ямар бодисоос олноороо хордсоныг тодруулахаар ажиллаж байгаа юм.

Х.Даваа