Говь-Алтай аймгийн Мэргэжлийн хяналтын газраас “Шинэ-Алтай” худалдаа үйлчилгээний төвд үйл ажиллагаа явуулдаг 7 цайны газар, 15 хүнсний дэлгүүрт хяналт шалгалт хийж ажлын байрны угаалга цэвэрлэгээ, тоног төхөөрөмж, тогооч, туслах тогооч, худалдагч нарын гар, ажлын хувцаснаас ердийн аргаар 116 арчдас авч Мэргэжлийн хяналтын газрын дэргэдэх лабораторид шинжлүүлэхэд гэдэсний савханцар илрээгүй байна.

"Шинэ-Алтай" ХХК-ний худалдаа үйлчилгээний төвд хүнсний худалдаа эрхэлдэг шилэн захын 12-р павилон, Баялаг-хүнс, Ээж хайрхан хүнсний дэлгүүрүүд болон Есөнбулаг сумын Харзат багт байрлах Арвай хүнсний дэлгүүрээс хэрэглээний баталгаат хугацаа дууссан 43 төрлийн 560 ширхэг 635900 төгрөгийн бүтээгдэхүүн худалдаалж байсныг хураан авч Есөнбулаг сумын Захиргааны зөвлөлд шилжүүлээд байна. Зөрчил гаргасан 4 иргэн, ААНэгжийг 320,0 мянган төгрөгийн шийтгэврийн арга хэмжээ авсан аж.

Уг хяналт шалгалтаар илэрсэн зөрчил дутагдалтай уялдуулан энэ сарын 9-ны өдөр сургалт зохион байгууллаа. Сургалтаар “Шинэ-Алтай”ХХК-ий Худалдаа үйлчилгээний төвд хоол үйлдвэрлэлийн үйл ажиллагаа эрхлэдэг 25 иргэнд “Хүнсний тухай”, “Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай” хуулиуд болон “Хоолны газрын нийтлэг журам”, “Сорьцын дээж авах”, “Хүнсний аюулгүй байдал зөвлөмж зөвлөгөө” гэсэн сэдвүүдээр,  мөн худалдаа үйлчилгээний төвд хүнсний худалдаа эрхэлдэг 26 иргэнийг хамруулж “Хүнсний тухай”, “Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай” хуулиуд болон шошгын стандартын шаардлагын талаар хоёр хоногийн сургалт явуулсан гэлээ.

Х.Даваа