Салют, бенгалийн гал, бусад хэрэгсэл ашиглах, худалдах талаар аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд сэрэмжлүүлж байна.

Шинэ жилийн баярын арга хэмжээг тэмдэглэн өнгөрүүлэхтэй холбогдуулан Пиротехникийн хэрэгсэл /салют, бенгалын гал, бусад/ импортлох, ашиглах эрх бүхий аж ахуйн нэгж байгууллагын анхааралд:

• Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2011 оны 27 дугаар тогтоолоор баталсан “Пиротехникийн хэрэгсэл худалдаалах, ашиглахыг хориглох тухай журам” –ын хэрэгжилтийг ханган ажиллах

• Монгол Улсын Засгийн газрын 2006 оны “Пиротехникийн хэрэгслийг импортлох, ашиглах дүрэм батлах тухай” 149 дүгээр тогтоолд заасан пиротехникийн хэрэгсэл ашиглах, үйл ажиллагаа явуулах эрх бүхий аж ахуйн нэгж, байгууллагаас бусад аж ахуйн нэгж байгууллага, иргэн уг хэрэгслийг ашиглах, худалдахыг хориглоно.

• Мэргэжлийн байгууллагын дүгнэлтгүй, чанар аюулгүйн шаардлага хангаагүй салют болон бусад бараа бүтээгдэхүүн худалдаалахыг хориглоно.

Иргэд, хэрэглэгчдийн анхааралд:

• Пиротехникийн хэрэгсэл ашиглах, худалдах эрх бүхий аж ахуйн нэгж байгууллагаас баталгаатай бараа бүтээгдэхүүнийг  худалдан авах

• Төрийн захиргааны байгууллагуудын байр, соёл боловсрол, эрүүл мэндийн байгууллага, гэр хороолол, нийтийн эзэмшлийн орон сууц түүний ойр орчинд, барилгын зоорийн давхарт, нийтийг хамарсан арга арга хэмжээг зохион байгуулж буй задгай талбай, хүнс барааны зах болон гар дээрээс Пиротехникийн хэрэгслийг худалдаалах, худалдан авах, ашиглахыг хориглоно.

• Чанар аюулгүйн шаардлага хангаагүй бараа бүтээгдэхүүн авч хэрэглэхгүй байх, нийгмийн хэв журмыг сахиж, зөв боловсон баярлах, өөрсдийн эрүүл мэнд, аюулгүй байдлыг хамгаалах, насанд хүрээгүй хүүхдэд уг хэрэгслийг ашиглуулахгүй байх талаар онцгой анхааруулж байна.

Худалдааны газруудаас хүнсний бараа бүтээгдэхүүн авахдаа дараах зүйлд анхаараарай

Үүнд:

Худалдаа, үйлчилгээний газраас бараа бүтээгдэхүүн сонгон авахдаа шошгод хэн, хэзээ, хаана үйлдвэрлэсэн болох, хадгалалтын хугацаа, хэрэглэх, хадгалах нөхцөл заагдсан эсэх, тухайн барааны чанар илт муудсан  эсэхийг  сайтар нягтлан үзэх;

Түргэн гэмтэж чанар байдлаа алддаг хүнсний бүтээгдэхүүнийг зориулалтын хөргөх төхөөрөмжгүй болон чингэлэг, ил задгай худалдаанаас авч хэрэглэхгүй байх;

Лаазалсан бүтээгдэхүүний сав нь зэвэрсэн, хонхойж цохигдсон, хий дүүрч таг нь төмбийсэн, дарахад хонхолзож, бамбаж үүссэн, задалж үзэхэд дээр нь хийн бөмбөлөг үүссэн байвал үүнийг агааргүй орчинд исэлт явагдаад бактери үүсч муудсан гэж ойлгон хэрэглэж болохгүй;

Шилэнд савласан бүтээгдэхүүнд тунадас үүссэн, шүүс нь булингартай, доторхи хүнсний ногоо, жимс нь хорчийж жижгэрсэн, ялзарсан, хөгцөрсөн, бөглөөнд нь жижиг цагаан өнгөр үүссэн байвал;

Өндөгний хальс нимгэрч, өнгө нь өөрчлөгдсөн, хагарч цуурсан, гадна тал нь бохирдсон, хөлдөж чанараа алдсан, шар уураг нь холилдсон, шохойлог хатуу хальс нь хагарч уураг нь гоожсон байвал чанар байдлаа алдаж муудсаныг илтгэнэ.

Хиам худалдаж авахдаа гадаргуу нь үрчийгээгүй гөлгөр, нойтон биш, өнгө нь хувираагүй, элдэв гаж үнэргүй, зөвхөн бүтээгдэхүүний өөрийн өвөрмөц амт үнэртэй байх ёстойг анхаарах:

Хөлдөөсөн, хөргөсөн хүнсийг худалдаж аваад богино хугацаанд гэрийн хөргөгчинд хийх, эсвэл хурдан бэлтгэж хэрэглэх, мах, загас, шувуу зэрэг түүхий бүтээгдэхүүнийг шууд хэрэглэдэг бүтээгдэхүүнээс сайтар тусгаарлан хадгалж зөөвөрлөх нөхцөлийг хангах;

Мах, махан бүтээгдэхүүнийг мал эмнэлэг, ариун цэвэр-гарал үүслийн гэрчилгээтэй,  эрх бүхий лабораторит аюулгүй байдлын шинжилгээнд хамрагдсан эсэхийг нягтлан үзэх;

Худалдаа, нийтийн хоолны газраас архи, согтууруулах ундааг худалдан авах, үйлчлүүлэхдээ хаана үйлдвэрлэсэн, чанар, аюулгүй байдлын баталгаажилттай эсэхийг магадлан үзэхийн зэрэгцээ тунадас булингартай, механик хольцтой, хямд үнэтэй, архи, согтууруулах ундааг худалдан авч хэрэглэхгүй байх;

Гэрийн нөхцөлд хүнсний бүтээгдэхүүнээ зөв хадгалж, бүрэн боловсруулан хэрэглэх, дэлгүүрт борлуулж буй хөлдөөсөн бүтээгдэхүүн гэссэн байвал, удаан хадгалсан  бүтээгдэхүүнийг хүнсэндээ хэрэглэхгүй байх;

Ариун цэврийн шаардлага хангаагүй, бохир орчинд явуулж буй худалдаа, үйлчилгээнээс хүнсний бүтээгдэхүүнийг худалдан авахгүй байх;

Хүнсний бүтээгдэхүүний сав, баглаа боодлын бүрэн бүтэн байдлыг шалгаж, урагдаж, гэмтсэн байвал авахгүй байх хэрэгтэй.

Хүнсний бүтээгдэхүүний хэвийн өнгө, үнэр, төлөв байдал өөрчлөгдөж, муудсан шинж тэмдэг илэрсэн бол тухайн хүнсний бүтээгдэхүүний чанар алдагдаж, өвчин эмгэг, үүсгэгч, бичил биетэн өсөж үржсэн байж болзошгүй гэж үзэн худалдаж авахгүй байхыг иргэд та бүхэндээ анхааруулж байна.

Хүнсний бүтээгдэхүүнийг зөв сонгон, аюулгүй хүнс хэрэглэх нь хоол, хүнсээр дамжих аливаа өвчин эмгэгээс Та өөрийгөө болон гэр бүлээ сэргийлэх чухал алхам болно" хэмээн мэргэжлийн хяналтын Ерөнхий газраас сэрэмжүүлж байна.