Улс дамнасан зэвсгийн наймаа хийсэн байж бол­зошгүй гэх дуулианд нэр хол­бог­дсон Зэвсэгт хүч­ний жанжин штабын Агаарын довтолгооноос хамгаалах цэргийн командлагч асан, бригадын генерал Т.Дашдэлэг нарын гурван хүнд холбогдох хэргийг АТГ-т шалгаж байгаад ТЕГ-т шилжүүлсэн юм.

Эл хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа дууссан байна. Өнөөдөр 10.00 цагаас Сүхбаатар дүүргийн шүүхэд тэдэнд холбогдох хэргийн анхан шатны шүүх хурал болно. Хуралд шүүгчээр Б.Мөнх-Эрдэнэ, С.Оюунчимэг, М.Алдар, өмгөөлөгчөөр Н.Хатанбаатар, Д.Халзан, Н.Энхзаяа, улсын яллагчаар Б.Эрхэмбаяр оролцохоор аж.

Хэргийг эргэн сөхвөл,Генерал Т.Дашдэлэг нарыг 2011 онд цэргийн ангид ашиглаж байсан байлдааны сөнөөгч бөмбөгдөгч “Миг-21” онгоцыг хуваан, их биеийг нь төмөр хайлуулах үйлдвэрт тушаасан, мөн моторыг нь БНАСАУ-д худалдахыг завдсан байж болзошгүй хэрэгт холбогдуулан шалгасан юм. Тодруулбал,  Хойд Солонгосоос 1.5 сая ам.доллар авсан атлаа онгоцныхоо моторыг хүлээлгэж өгөөгүй учир тус улсаас манай улсын Засгийн газар, хууль хяналтын байгууллагад шилжүүлсэн мөнгөө эргүүлэн авахаар хандсанаар эл хэрэг олны анхааралд өртөж, ил болсон билээ.

Х.Даваа