Дэлхийн эрүүл мэндийн байгууллага 2014-2015 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрөө танилцууллаа
2013/08/12
Эрүүл мэндийн яам, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага хамтран “2014-2015 оны хөтөлбөрт суурилсан санхүүжилт, үйл ажиллагааны төлөвлөлт” сэдвийн хүрээнд зөвлөлдөх уулзалтыг энэ сарын 15-ны өдөр ЭМЯ дээр зохион байгууллаа.
Уулзалтыг нээж Эрүүл мэндийн сайд Н.Удвал хэлсэн үгэндээ “Өнгөрсөн хугацаанд Монгол улсын Засгийн газар Дэлхийн эрүүл мэндийн байгууллага хамтран эрүүл мэндийн салбарт олон бүтээлч ажлуудыг хийж ирсэн. Монгол Улсын хэмжээнд эх хүүхдийн эндэгдлийг бууруулахад ДЭМБ-ын оролцоо, хамтын ажиллагаа чухал үүрэг гүйцэтгэсэн юм. Цаашид хамтын ажиллагаагаа улам өргөжүүлэн тэлж, хүн амын эрүүл мэндийг хамгаалахад түлхүү дэмжлэг үзүүлэхийг хүсч байна. Энэ удаагийн зөвлөлдөх уулзалт маш чухал ач холбогдолтой бөгөөд уулзалтаар ЭМЯ, ДЭМБ хамтран эрүүл мэндийн салбарыг чадавхжуулах чиглэлээр бодлогын асуудлуудыг хөндөн ярина гэдэгт итгэлтэй байна” хэмээлээ.
Энэ удаагийн уулзалтын зорилго нь ДЭМБ-аас ирэх хоёр жилийн хугацаанд хийгдэх үйл ажиллагааны ерөнхий хөтөлбөр, түүнд шаардагдах төсвийг танилцуулахын зэрэгцээ орон нутгийн эрүүл мэндийн тогтолцоог хөгжүүлэхэд чиглэсэн хөтөлбөр стратегийг хэлэлцэж холбогдох хүмүүсийн санал, зөвлөмжийг цаашдын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгах явдал юм.
“2014-2015 оны хөтөлбөрт суурилсан санхүүжилт, үйл ажиллагааны төлөвлөлт” сэдэвт зөвлөлдөх уулзалтын эхэнд ДЭМБ-ын 2014-2015 оны ерөнхий хөтөлбөр, түүний хүрээ болон үйл ажиллагааны төлөвлөгөөний удирдамжийн талаар ДЭМБ-ын Халдварт бус өвчний багийн ахлагч С.Говинд товч танилцуулга хийв. Үүний дараа ДЭМБ-ын Суурин төлөөлөгч Су Нуюнт-У ирэх хоёр жилд ДЭМБ-ын орон нутагт чиглэсэн хамтын ажиллагааны стратегийг танилцуулж хэлэлцүүлсэн байна.
Уулзалт хэлэлцүүлэгт орон нутгийн эрүүл мэндийн байгууллагын төлөөлөл хүрэлцэн ирснээс Хөвсгөл аймгийн Эрүүл мэндийн газрын дарга Д.Дамдинсүрэн аймгийн эмзэг бүлгийн иргэдийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэх, “Сум бүрт хүрч үйлчилье” стратегийг аймагтаа хэрхэн хэрэгжүүлж үр дүнд хүрсэн туршлагаасаа хуваалцсан юм. Зөвлөлдөх уулзалт асуулт, хариултаар үргэлжилж холбогдох мэргэжилтнүүдийн дэвшүүлсэн санал, зөвлөмжийг төлөвлөгөөнд тусгахаар боллоо.
Уулзалтад ЭМЯ, ДЭМБ-ын Суурин төлөөлөгчийн газар, НҮБ-ын Хүүхдийн сан, Дэлхийн Зөн олон улсын байгууллага болон орон нутгийн эрүүл мэндийн байгууллагуудын төлөөлөл оролцсон юм.