Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас мах, махан бүтээгдэхүүний үйлдвэрүүдэд шалгалт хийжээ.

Энэхүү шалгалтад улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй нийт 56 үйлдвэр, аж ахуйн нэгж хамрагдсан бөгөөд энэ удаагийн шалгалт нь 2013 оны эхний улиралд хийсэн шалгалтын үр дүнг эргэн хянах зорилготой аж.

Уг шалгалтаар нийслэлийн “Тэр их нуур” ХХК, “Шимт-Өргөл” ХХК, “Хөх сайр” ХХК,  “Сүбо” ХХК, Архангай аймгийн “Сэрүүн хангайн зам” ХХК-ний хиамны цех, Дархан-уул аймгийн “Дархан болор ган” ХХК-ний “Амттан” буузны цех, “Дэ Со Ар” ХХК-ний “Азын бууз” буузны цех, “Очир голомт” ХХК-ний “Дээж” буузны цех, “Хотол монгол” хиамны цех зэрэг аж ахуйн нэгжүүдийн үйлдвэрлэлийн барилга байгууламжийн 50 хувь нь мэргэжлийн байгууллагын зураг төслийн дагуу баригдаагүй, гэрэлтүүлэг хангалтгүй, таазны будаг шохой ховхорч унасан, 41,7 хувь нь бүтээгдэхүүнийг  сэврээж, сойх зориулалтын өрөөгүй байгааг тогтоожээ.

Мөн бохирын трап, шугам хоолойн хэсэг цооногийг хуваарийн дагуу цэвэрлэж халдваргүйжүүлдэггүй,ажлын байрны хана, шал, таазны өнгөлгөө ховхорч, хуурч унасан, цонхонд тоос шороо, шавж, гадны биет нэвтрэхээс хамгаалсан торон хаалт хийгээгүй байжээ. Үүн дунд шалгалтаар их эрсдэлтэй гэж тогтоосон СБД-ийн “Озеро байкал” ХХК-ний загасны мах ангилан савлах, “Эхийн лха” ХХК- ний бууз баншны үйлдвэр, Архангай аймгийн “Отор”, “Өег”, “Цахиур”  буузны цехүүд, лабораторийн шинжилгээгээр махан бүтээгдэхүүн дэх нянгийн тоо стандартад зааснаас их гарсан Сүхбаатар аймгийн “Сүж хамтын хүч” нөхөрлөлийн махан бүтээгдэхүүний цехийн үйл ажиллагааг түр хугацаагаар хаажээ.

Түүнчлэн шалгалтын явцад дотоодын хяналт муу, бүтээгдэхүүний найрлага өөрчлөгдсөн боловч жороо шинэчилж батлаагүй, шинээр үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний технологийн зааврыг боловсруулаагүй, үйлдвэрийн байрны нөхцөл нь шаардлага хангаагүй, албан шаардлагын биелэлтийг хугацаанд нь гаргаж ирүүлээгүй "Тэр их нуур" ХХК, "Шимт-Өргөл" ХХК, "Дүрт баялаг" ХХК, "Ийникү" ХХК, "Сүбо" ХХК, "Озеро байкал" ХХК, "Номин холдинг" ХХК зэрэг 13 аж ахуйн нэгж, албан тушаалтанд нийт 4824,4 мянган төгрөгийн торгууль ногдуулсан байна.

Х.Даваа