Мэдээллийн эрин зуунд амьдарч байгаа энэ үед цахим сэтгүүлзүйч хурдаа аван хөгжиж байгаа билээ. Шинэ оны өмнөхөн байгууллагаад шилдгүүдээ тодруулдаг уламжлалтай.

Монголын Сайтын Холбоо оны вэб сайт тодруулах "WEB AWARDS-2013" ёслол хүндэтгэлийн ажиллагаа энэ сарын 27-ны өдөр болох гэж байна.

Энэхүү наадамд "Шилдэг дизайнтай вэбсайт", "Шилдэг технологи нэвтрүүлэгч вэбсайт", "Шилдэг арилжааны вэбсайт",  "Шилдэг төрөлжсөн мэдээллийн вэбсайт", "Орон нутгийн шилдэг вэбсайт", “Шилдэг хөтөч вэбсайт”, “Шилдэг онлайн мэдээллийн хэрэгсэл” гэсэн нийт есөн номинацид нэр дэвшүүлэн шилдэгийг шалгаруулах юм. Мөн “Нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлэгч шилдэг вэбсайт”-ыг шалгаруулах юм.

"WEB AWARDS-2013" оны хамгийн том шагнал нь "Шилдгийн шилдэг вэбсайт”-ыг тодоруулна. “Шилдгийн шилдэг вэбсайт” номинацийн эзэн алтан цом гардаж авах аж. Тус цом нь дэлхийн бөмбөрцөг гар дээрээ өргөсөн хүний дүрстэй. “Дэлхий ертөнц тэр чигээрээ энэхүү шилдэг вэбсайтуудын тусламжтайгаар хэрэглэгч таны гар дээр байна” гэсэн утга санааг илэрхийлсэн. Алт, мөнгөн цомуудыг Монголын нэртэй уран барималч, УЭХ-ны шагналт, Болгар улсын гавьяат Б.Санчир урлажээ.

Мөн шилдгээр шалгарсан вэбсайтуудад “Шилдэг вэбсайт 2013” гэсэн чанарын дардас гардуулах юм байна. Энэ дардсыг тухайн сайтууд өөрсдийн логоны хажууд хугацаагүй байршуулах эрхтэй болно.

Наадмын шилдгүүдийн номинацид нэр дэвшигчдэд Монголын Сайтын Холбооны Удирдах зөвлөлийн 21 гишүүн нууцаар саналаа өгөх ба энэхүү шалгаруулалтыг Хяналтын зөвлөл нягталж энэ сарын 27-ны өдөр шилдгүүдийг батламжлана.

Х.Даваа