Гэмтэл согог судлалын үндэсний төвийн хамт олон болон тус эмнэлгийн Үйлдвэрчний эвлэлийн хороо, өмгөөлөгч Ц.Монгол нар Үндэсний мэдээллийн төвд хэвлэлийн бага хурал хийсэн билээ.

Тэд уг хуралаараа “Эрүүл мэндийн сайд Н.Удвал нь энэ оны есдүгээр сарын 25-нд 352 дугаар тушаал гаргаж Гэмтэл согог судлалын үндэсний төв /ГССҮТ/-ийн захирлаар Ц.Энхбаярыг томилохдоо Төрийн албаны тухай хууль зөрчиж, сонгон шалгаруулалтад ороогүй, өөр эмнэлгийн сонгон шалгаруулалтад орсон боловч тэнцээгүй, П.Н.Шастины нэрэмжит 3 дугаар эмнэлгийн хамт олонтой зохицож ажиллах чадваргүй этгээдийг албан тушаалаа урвуулан ашиглаж томилсон нь Монгол Улсын Үндсэн хуульд заасан Эрүүл мэндээ хамгаалуулах талаарх иргэдийн эрхийг ноцтой зөрчиж, хамт олны эмнэлгийн таатай орчинд өвчтөнийг эмчлэн сувилах үйл ажиллагаа, эрх хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой зөрчиж байна.

Хууль бусаар томилогдсон Ц.Энхбаяр нь ГССҮТ-ийн эмч ажилчдыг доромжилж, хууль бус томилгоо хийж дураараа авирлаж өвчтөний амь, нас, эрүүл мэндэд маш ноцтой нөлөөлөх үйлдлүүдийг удаа дараалан гаргасан тул ГССҮТ-ийн ҮЭХороо, хамт олны зүгээс Эрүүл мэндийн сайдад уг тушаалыг хүчингүй болгох, томилгоог өөрчлүүлэхээр хандсан. Ингээд Эрүүл мэндийн сайд Н.Удвал эмнэлэгт хүрэлцэн ирж, Сайдын зөвлөлийг хуралдуулан өнгөрсөн аравдугаар сарын 30-д шийдвэр гаргуулж, Ц.Энхбаярыг чөлөөлөхөөр болсон. Энэ тухай өөрөө олон нийтэд мэдээлсэн, халагдсан эмч нарыг ажилд нь эргүүлэн авна гэж хэлж  байсныг Та бүхэн санаж байгаа байх аа. Гэвч энэ шийдвэр, Сайдын зөвлөлийг хуралдууллаа гэх асуудал нь жүжиг, худал амлалт байсан нь тодорхой боллоо.

Сайдын зөвлөлийн ээлжит бус хурлын шийдвэр нь Эрх зүйн хувьд хэрэгжиж боломжгүй, утга агуулгын зөрчилтэй Шийдвэр гэхэд хэцүү баримт бичиг гаргасан. Гэтэл эрхэм Сайд “энэ амлалтаа болон хурлын шийдвэрийг 14 хоногийн дотор биелүүлнэ” гэж мэдэгдсэн, хэвлэл мэдээллийн хэрэгслэлээр олон нийтэд зарласан боловч одоо хүртэл биелүүлэхгүй 50 хонож байна. Ингэж олон нийтийг төөрөгдүүлж худал амладаг, худал мэдээлэл хийдэг сайдыг огцруулсан ч багадна.

Сайдын энэ хариуцлагагүй үйл ажиллагааны улмаас ГССҮТ-ийн хэвийн үйл ажиллагаа доголдож, иргэдийн амь нас эрүүл мэндэд хохирол учирч, Ц.Энхбаяр нь дураараа авирлаж, эмнэлгийн зориулалтын зардлыг зүй бусаар зарцуулж, хэвлэл мэдээллийн хэрэгслэлээр хамт олны нэр төрийг гутаах зорилгоор гүтгэлгийн шинжтэй мэдээллүүдийг захиалгаар гаргаж, хэвлэлийн бага хурлаар гүтгэн доромжилж, хамт олны нэр төрд халдах болсоныг бид эрс эсэргүүцэж байна.

Сайд Н.Удвал нь Төрийн албаны Зөвлөлийн шаардлагыг үл хайхран Ц.Энхбаярыг ямар ч үнээр хамаагүй ГССҮТ-ийн Захирлын сонгон шалгаруулалтад оруулах гэж улайрч байгаа. Тэрээр энд ямар нэг ашиг сонирхолтой, цаана нь албан тушаалтны захиалга байна гэж үзэхээр тийм хардлагыг төрүүлж байна. Ц.Энхбаяр нь ГССҮТ-ийн захирлаар ажиллах хуулийн шаардлага хангаагүй, түүнийг хууль бусаар томилсон асуудал Захиргааны хэргийн Шүүх хянаж байгаа тул түүнийг Сонгон шалгаруулалтад оруулах боломжгүй юм. Иймд одоо зарлаж байгаа гэх хаалттай сонгон шалгаруулалт гэх жүжгийг болиулж нээлттэй сонгон шалгаруулалтыг хийж, хуулийн шаардлага хангасан этгээдүүдийг оролцуулахыг бид шаардаж байна.

Бид энэ хууль бус байдлыг таслан зогсоохоор Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, УИХ-ын гишүүд, Төрийн албаны зөвлөл зэрэг холбогдох эрх бүхий байгууллагад хандаад байгаа бөгөөд 4 дэх засаглалын үүрэг гүйцэтгэгч хэвлэл мэдээллийн байгуулагад хандаж энэ мэдээллийг хийж байна. Шударга ёсыг тогтоох, хууль бус ажиллагааг таслан зогсооход Та бүхний дэмжлэг, дуу хоолой хэрэгтэй байна” хэмээн мэдэгдэл хийлээ.

Х.Даваа