Тэртээх 1930-аад оны эхэн үеэс “Нэгдэлжих хөдөлгөөн” эрчтэй өрнөж  “Сайн дураараа элсч болно” гэх ч ард иргэдийн баян ядуу, сэтгэл, итгэлийг  үл харгалзан нэгдэлд хамруулж  байж билээ.


Үүнийг дурдсаны  учир нь  сүүлийн үед Монголд маань “бөө” гээч нь  хүчээ авч байгаатай зүйрлэсэн  нь энэ. Гэхдээ бөө болгон муу гэж хэлж буй хэрэг биш гэдгийг эрхэм уншигч оюун ухаандаа  тунгаах биз.


Монголчууд туйлшрамтгай, мухар үсэгт автахдаа амархан улс. Ажаад байх нь ээ, ах дүү, хамаатан садных нь нэг өвчилж,  амьдрал нь жаахан уруудах ахул  “Онгод тэнгэр сахиусаа ав гэж даллаад байгаа нь тэр” гэж харанхуйгаар таамаглагсад ч  бүр олширсон харагдана.


Хар цагааныг ч харах сөхөөгүй мухар сүсэгтээ хөтлөгдөж, хамаг эд хөрөнгөө  үрэн таран хийчихээд гудамж метрлэж явах нэгэнтэй ч таарав. Хэдийгээр сүсэг бишрэл, шашин шүтлэг нь хувь хүний  асуудал боловч мухар сүсэг гэдэг нь угаасаа л бэлэнчлэх сэтгэл.

 

Хүний бодол санаа, хүсэл зоригийг хүлж, баглаж болдоггүйтэй адил итгэл үнэмшил, сүсэг бишрэлийг ч бас албадаж болохгүй л дээ. Гэхдээ шашин болгон өөр өөрийн сургаал номлол, ёс суртахуунтай ч монголчууд бид мухар сүсэгт арай л хэтэрхий  автаад байх шиг.


Дээр хэлсэнчлэн хүмүүс бэлэнчлэх гэсэндээ  буюу ямар нэгэн зүйлд хүчин мөхөсдөж, аргаа барахдаа мухар сүсэгт их автаж  байгаагаа ер мэдэрдэггүй аж. Өнөөгийн залуус  сурч мэдэж судалж танихаас залхуурахдаа амар хялбар арга замыг хайна.

Амьдралд өөрийгөө зовоолгүйгээр сайхан амьдрах хүсэл нь мухар сүсэг  рүү аяндаа л хөтлөгддөг байна. Хурал номын газар, гандан хийд, үзмэрч зурхайчид очиж буй хүмүүс  бурхны сургаал ном, маани мэгзэмийн учрыг олохыг бодохгүй шууд л “Ханиа сонгох гэсэн юм, амьдралаа дээшлүүлж, ажлаа сайжруулмаар байна, бизнес хийх гэсэн юм бүтэх нь үү, биеэ эмчлүүлье, “В” үнэлгээ авчихмаар байна.


Саад тотгор байна уу. болох нь уу. бүтэх нь үү” гэхчилэнгээр асууж  байгаа  харагддаг. Энэ нь өөртөө итгэх итгэл нь алдарч нөгөө л мухар сүсэг рүү хөтлөгдөж, бэлэнчлэх сэтгэлгээнд автаж  байгаагийн илрэл.


 Мөн үүнийг бүр цааш нь ухвал  ямар нэгэн үйлдлийн бурууг бусдаас хайж арчаагүй, аргаа ядсан зам руу хөтөлсөн байдаг. Энэ л ухвар мөчид сэтгэхүй дээр нь тоглож, тонгочиж,  баяжигсад захаас болж.


Үүнд хэн буруутай юм бэ гэж захын  нэгнээс асуувал  бараг нэгэн дуугаар “Төр” гэж хариулах биз.  Үүнийг бас бодох л асуудал. Яагаад гэвэл төр ард иргэдээ сэтгэлгээний харанхуй, бүдүүлэг  дарангуйллаас хамгаалах үүрэгтэй. 

 

Хууль бус үйл ажиллагаагаар олон нийтийн сэтгэл зүйд муугаар нөлөөлж буй аваас буруутай этгээдийг илрүүлэн хариуцлага хүлээлгэх нь төрийн хийх ёстой ажил. Дээр өгүүлсэнчлэн сүсэг бишрэл нь хэдийгээр хувь хүний асуудал ч, мухар сүсгийг дагалдан гарч байгаа хууль бус бохир бизнес, олон нийтийг хохироож байгаа үйлдлүүдийг өнөөгийн төр яагаад хайхрахгүй байна вэ.

Харалган хүн шиг  нүд нь балай, чих нь дүлий байгаагийн учир нь төр өөрсдөө нөгөөх мухар сүсэгт  автчихаад ганц үг ганхийж чадахгүйд л байгаа юм. Нэгэн жишээ дурдахад  иргэн С-ийг онгод нь ид орж байгаа гэх бөө нэвширтэл нь зодож биед нь орчихоод буй элдэв муу зүйлийг гаргахдаа  гарыг нь хуга цохисон байдаг.


С бүсгүй цагдаагийн байгууллагад хандахад  ахлах офицер цолтой нэгэн “Бөөд зодуулсан юм бол юу олж долоох вэ дээ” гээд өрөөндөө орж гарсан офицеруудтай нийлэн хөхрөлдөж,  хохирогчоор доог тохуу хийсэн байдаг.  Эндээс үзэхэд төр өөрөө бохир, аливаа ажилд санаа тавихгүй байгааг  харуулж байгаа юм.


Өнөөгийн залуу үед болон монгол хүний хөгжилд хэрэгтэй бодлого үнэхээр үгүйлэгдэж байна. Энэхүү өгүүлэгдэж  буй  бодлого бол  монгол хүний өөртөө итгэж, өөрсдийгөө  хөхиүлэн дэмжиж, шударга бус муу үйлдлийг эсэргүүцэн,  дорвитойхон чанга дуугардаг  тийм механизм юм.


Ер нь  өнөөгийн Монголын нийгэм бүхэлдээ “Зоволгүй мөнгө олж, зогсолтгүй жаргах хүсэл”-тэй болчихоод нөгөө л мухар сүсэгтаа автаад лам дээр очиж, хувь заяагаа даатгаж, бөөд очиж  тэнгэрт тэтгүүлж  байж  ажил  амьдрал нь тэгширдэг болчихож. Үүндээ ч гүн бат итгэж орхиж.

 

Гэтэл хөдөлмөрлөснийхөө хэмжээгээрээ л жаргаж  байгаа нь тэр шүү дээ. Бид шинжлэх ухаан техник, мэдээллийн хүчирхэг зуунд амьдарч байна. Алийн болгон мухар сүсэг болон мунхаглалтайгаа зууралдах билээ. Монголчуудын  хөгжил дэвшил өөр хэнээс ч биш зөвхөн биднээс л хамаарна.

 

Бүдүүлэг, мунхаг, харанхуй байх аваас бид эх орон газар нутгаа ч алдаж мэднэ. Энэ л цаг үед бид, эргэн тойрноо харьцуулан харж, эргэцүүлэн ухаарч хэн нэгний хэлснээр бус өөртөө итгэж, өөрсдөө хичээн зүтгэх цаг нь болж. Эзэн хичээвэл заяа хичээнэ гэдэг дээ.


Бид чинь шинжлэх ухаан, техник мэдээллийн  эринд  аж төрж  гайхамшигтай олон нээлтэд тулгуурласан хурдацтай хөгжлийн ачаар хялбар хэрэглээ болох хамгийн сүүлийн үеийн гар утас барьж, интернэтээс хүссэн мэдээллээ авч байна.


Бас хээнцэр ганган загвар бүхий авто машин унаж, өвөрмөц шийдэлтэй  тохилог сууцанд амьдрах боломжтой болж, өдөр тутмын амьдралд маань шинжлэх ухааны  ололтууд нэвтэрсээр л байна. Зоволгүй мөнгө олж, зогсолтгүй жаргах хүсэл, мухар сүсгээ таягдан хаяцгаая, монголчууд аа.