Монголын хип хоп урлагийн анхдагчдын нэг "Дижитал хамтлагийн дуучин Эрка буюу Г.Эрдэнэбилэг нэгэн бяцхан охинд туслахаар сайн үйлсийн аянд нэгдэхийг уриалж буйг манай сайт өмнө нь мэдээлж байсан билээ.

Тодруулбал, хүүгийнхээ ангийн нэгэн охинд туслахаар шийдсэн бөгөөд хахир өвлийн хүйтэнд өвчтэй ээжийгээ асран амьдралын төлөө тэмцэж буй түүний хичээл зүтгэлийг олонд таниулан тусламжийн гараа сунгахыг хүсч байгаа юм.

Энэ ч утгаараа, мөнөөх охины гэрт очиж нөхцөл байдалтай нь танилцсан бөгөөд гэрийнх нь хана хугарч, салхи нэвт үлээсэн гэрт суухын аргагүй хүйтэн байсныг онцлоод сэтгэцийн өвчтэй ээжийгээ тэжээхийн тулд гандангийн дэлгүүрээс будаа зээлэн хүмүүст зарж, олсон мөнгөөрөө багахан хоол хүнс авдаг тухайг нь сэтгэл эмзэглэн өөрийн цахим хуудаснаа бичсэн.

Түүний энэхүү санаачлагыг дэмжсэн цахим ертөнцийн найзууд болон уран бүтээлийг нь дэмжигчид уг ажилд идэвхитэй оролцож, албан ёсны хандивын данс нээхийг санал болгосон юм. Харин үүнийг дэмжсэн дуучин залуу маань өнгөрөгч амралтын өдөр бяцхан охинд туслах хандивын данс нээснээ зарлаж, хэдхэн цагийн дотор 175 мянган төгрөг цугларсан талаараа мэдээлсэн юм.

 

 

Х.Даваа