Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан 2013 оны 12 сарын Орон сууцны санхүүжилтийн корпораци ХХК-ийг өөрчлөн зохион байгуулж хөрөнгө бүртгэх тухай асуудлыг хэлэлцсэн юм. Монгол Улсын Засгийн газраас төрийн орон сууцны баримтлах бодлого, хэрэгжүүлэх үйл ажиллагааг төвлөрсөн удирдлагаар хангаж, иргэдийг орон сууцаар хангах төрийн орон сууцны төвлөрсөн тогтолцоог бүрдүүлэх зорилгоор Засгийн газрын 2013 оны 253 дугаар тогтоолоор “Төрийн орон сууцны корпораци”–ийг үүсгэн байгуулсан байна.

 

     Тиймээс “Орон сууц санхүүжилтийн корпораци” ХХК-ийн үйл ажиллагааг энэ сарын 31-ний өдрөөр дуусгавар болгож, нийслэлээс оруулсан хувь хэмжээ, өмчийг бүртгэн авах шаардлагатай болжээ.  ОССК-ийн нийт дүрмийн сангийн 51 хувийг Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Сангийн яам 24,5 хувь, Барилга хот байгуулалтын яам 24,5 хувийг тус тус эзэлдэг бөгөөд ногдол ашгийн 140 сая төгрөгийг төрийн санд төвлөрүүлжээ. Тус байгууллага нь орон нутгийн болон төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компани хэлбэрээр зохион байгуулагдаж, хүн амыг орон сууцаар хангах төрийн бодлого зорилтыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд үл хөдлөх хөрөнгө барьцаалан зээл олгох, орон сууц захиалан бариулах, худалдан борлуулах чиглэлээр ажилладаг байсан юм.

 

      Харин НИТХ-ын Тэргүүлэгчид, ОССК-ийн өөрчлөн зохион байгуулахыг зарчмын хувьд дэмжиж, цаашдаа нийслэлээс хэрэгжүүлж буй үйл ажиллагаанд хамтран ажиллах хэрэгтэй гэдгийг онцлолж байлаа. НИТХ-ын Тэргүүлэгчид “Орон сууцны санхүүжилтийн корпораци”–ийн үйл ажиллагааг 2013 оны 12 сарын 31-ний өдрөөр дуусгавар болгож, компаний хөрөнгө, өр төлбөр, эрх үүргийг холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн “Төрийн орон сууцны корпораци” төрийн өмчит үйлдвэрийн газарт шилжүүлэхээр тогтоол гаргалаа гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.