Сэлэнгэ аймгийн Мандал сумын иргэн харъяат Ч.Баттулга, Э.Хандаа нарын гэр бүлд дөрвөн ихэр хүүхэд мэндэлсэн юм. Ийнхүү манай улсад дөрвөн ихэр төрсөн нь анхны тохиолдол болж түүхэн баярт үйл явдал тохиосонд уг мэдээг сонссон хүн бүр баярлаж байгаа.

Ихрүүдийн гурав нь хүү, нэг нь охин аж. Одоогоор дутуу төрөлттэй байгаа учраас эрчимт эмчилгээний тасагт эмчилж байгаа юм. Нялхсын биеийн байдал нэгээс нь бусад нь харьцангуй хэвийн, ихрүүдийн ээжийн биеийн байдал сайн байгаа ч гэнэ.

Сэлэнгэ аймгийн харьяат Э.Хандаагийн хувьд одоо 23 настай. Хоёр дахь удаагаа төрж буй бөгөөд том хүүхэд нь одоо ой есөн сартай, охинтой юм байна.

Түүний нөхөр Ч.Баттулга энэ хавар Хууль сахиулах их сургуулийг дүүргэж, ажил амьдралын гараагаа дөнгөж эхлүүлээд байгаа аж. Тэрбээр анх ихэр хүүхдээ анх хараад "Өөрийн эрхгүй баярын нулимс унагасан даа. Хүүхдүүдийг маань эрүүл саруул бойжуулж, эмчилж байгаа Эх, хүүхдийн эрүүл мэндийн төвийн эмч нартаа маш их баярлаж байна. Маш их догдолсон. Үнэхээр баяртай байна" хэмээн сэтгэгдлээ хуваалцсан юм.

Ихрүүдийг хоёр хоногийн дараа Эрүүл мэндийн сайд Н.Удвал очиж хүүхдүүдэд бэлэг гардуулна гэж байсан. Гэтэл тэрбээр хүлээж, тэвчилгүй  өчигдөр  Ерөнхий сайд Н.Алтанхуягийн гэргий Х.Сэлэнгийн хамтаар ЭХЭМҮТ-д очиж ихрүүдийг эргэжээ. Тэд ихрүүдийн эцэг эхэд баяр хүргэхийн зэрэгцээ тус төвийн эмч ажилчдыг ихрүүдэд анхаарал халамж тавьж ажиллахыг үүрэгдсэн бололтой.

Мөн энэ гэр бүлд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж мэндчилгээ дэвшүүлсэн. Тэгвэл азтай хосуудын нутгийнхан буюу Сэлэнгэ аймгийн нутгийн зөвлөлөөс ихрүүдэд байр өгөхөөр ярьж эхэлжээ. Дөрвөн ихэр мэндэлсэн гэр бүлд байр өгөх асуудлыг УИХ-ын гишүүн С.Бямбацогт санаачилж байгаа гэх мэдээлэл ч гарч байна. Өмнө нь олон ихэр хүүхэд мэндэлсэн бол улсаас байр олгодог байсан ч сүүлийн жилүүдэд энэ тэтгэмж зогссон юм. Тиймээс нутгийн ах, дүү нар нь дөрвөн ихэрт байр өгөх тухай яриа гаргаж байгаа аж.

Д.Ана