2013 оны 12 дугаар сарын 24-нөөс Сэлэнгийн цагдаагийн газар гурван хүний амь эрсэдсэн авто ослыг нууцалж байгаа талаар мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарч байсан. Энэ тухай бид цагдаагийн ерөнхий газрын хэвлэл мэдээллийн төвөөс  тодруулахад:

“Нууцалсан гэдэг үндэслэлгүй мэдээлэл. Хэргийг хуулийн дагуу шалгаж байна. Сэлэнгэ аймгийн цагдаагийн газар 2013 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 15 цагийн орчим Сэлэнгэ аймгийн Түшиг сумын нутаг Моностойн давааны ар талд Гурванховил гэх газарт "Шинэбадрах” ХХК-ны ЗИЛ-130 маркийн тээврийн хэрэгслэлээр 3,6 метрийн урттай гуалин моднууд уулнаас тээвэрлэж яваад онхолдож 3 хүн нас барсан" тухай мэдээллийг хүлээн авч, хэргийн газрын үзлэг, шалгалтыг Прокурор, мэргэжлийн байгууллагуудыг оролцуулан хийж, эрүүгийн хэрэг үүсгэн, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байгаа. Гэмтсэн хохирогч болон цогцсонд  учирсан гэмтлүүд архи согтууруулах ундаа хэрэглэсэн эсэх, нас барсан шалтгаан, нөхцлийг тогтоолгохоор шинжээч эмчийг оролцуулан үзлэг явуулж, шүүх эмнэлгийн задлан шинжилгээ хийсэн байна.  Хөдөлмөр хамгааллын журам зөрчигдсөн эсэх асуудлаар аймгийн МХГ-ын хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны хяналтаас дүгнэлт гаргасны эцэст “Шинэ бадрах” ХХК-ны хариуцлагатнуудыг эрүүгийн хариуцлага татах эсэх  асуудлыг шийдвэрлэнэ. Одоогоор мөрдөн шалгах ажиллагааг  хуулийн дагуу прокурорын байгууллагын хяналтан дор явуулж байна” хэмээн мэдээллэв.

Цагдаагийн алба хаагч нь Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэхь хэсэгт зааснаар хэрэ бүртгэлт, мөрдөн байцаалтыг гагцхүү прокурорын зөвшөөрснөөр түүний бололцоотой гэж үзсэн хэмжээгээр нийтэд мэдээлж болдог хуультай. Иймд цагдаагийн байгууллага, алба хаагч нь прокурорын зөвшөөрөлгүйгээр гэмт хэрэг үйлдсэн этгээд, гэмт хэрэг үйлдэхээр бэлтгэж, завдаж байгаа тухай болон гэмт хэргийн шинж тэмдгүүдийг хэвлэл мэдээллийн хэрэгслэлээр мэдээлэхийг хориглоно..." гэж заасны дагуу тус цагдаагийн газраас төвийн болон орон нутгийн ямар ч хэвлэл мэдээллийн хэрэгслэлээр энэхүү хэргийн талаар мэдээлэл хийгээгүй юм байна. Үүнтэй холбогдуулан зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр Сэлэнгэ аймгийн цагдаагийн газрын нэр, хаягийг ашиглаж, бодит эх сурвалжаас үнэн бодит мэдээллийг аваагүй, хууль бусаар цагдаагийн алба хаагчдын нэр төрд халдсан явдал олон гарч байгаа нь алба хаагчид ажлаа дүрэм журмаар нь хуулийн хүрээнд явуулах, хэргийг үнэн зөвөөр тогтоох, шуурхай илрүүлэхэд саад гарч байна гэдгийг цагдаагийн алба хаагчид мөн нэмж тайлбарласан юм.

А.Маша