Дэлхийн өнцөг булан бүрт "Шинэ жил"-ийн баярын уур амьсгал аль хэдийнээ орсон. Хуучин оноо үдэж, Шинэ оноо угтахад  5 хоног үлдээд байгаа билээ.

Шинэ он гарахаас урьтаж байгууллага хамт олон бүтэн жилийнхээ хийж, бүтээсэн ажлаа дүгнэн шилдгүүдээ урамшуулан шагнадаг. Мөн  байгууллага хамт олон, баярын арга хэмжээгээ сонирхолтой, содон бас мэргэжлийн өндөр түвшинд зохион байгуулахаар зорьж өөрийн байгууллагаас комисс ажиллуулан баяр дээрээ давхар баяр нэмэхийг эрмэлздэг.

"Хамгийн" холоос ирсэн урлагийн үзүүлбэртэй шинэ жил              

Архангай аймгийнхан энэ сарын 20-нд нийслэлийг доргиосон шинэ жилийн баяр зохион байгуулсан юм. Тус нутгийн зөвлөлийн дарга, УИХ-ын гишүүн, Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр тэргүүтэй арын хангайн баячууд бэлээрээ гайхуулж, хэтэвчнийхээ хэмжээгээр дургисан гэх тодотгол зүүгээд байгаа.

Юутай ч тус нутгийн зөвлөлийн дарга “фортуна” хөлгүй баян, татварын мөнгөөр туйлагч гэдгээ харуулсан шинэ жил болсон аж. Учир нь Н.Батбаяр сайд дэлхийд алдартай “АББА” хамтлагийг шинэ жилийнхээ баярт урьж оролцуулсаныг хэвлэлийнхэн онцлон мэдээлсэн.

Дашрамд дурдахад, дэлхийд алдартай АВВА-г “Evento” компанийнхан зуучлан авчирч Архангайн шинэ жилд дуулуулжээ. Тус компанийнхан өнгөрсөн наймдугаар сард Английн “Блю” хамтлагийг авчирсан гэдгээр нь уншигч та сайн санах байх. Баярт уригдан ирсэн 500 гаруй зочдын хэн нь ч сохор зоос төлөөгүй атал тэр их тансаг ёолкны  мөнгө хаанаас гарав гэдэг нь гайхалтай.

"Хамгийн" улстөрчгүй, архигүй шинэ жил

Монголын сэтгүүлчдийн эвлэлийн гүйцэтгэх зөвлөлөөс “Монголын сэтгүүл зүйн салбарын 2013 оны шилдгийн шилдэг”-ийг шалгаруулах ёслолын үйл ажиллагааг энэ сарын 24-нд зохион байгуулсан юм.

Энэхүү арга хэмжээнд нэг ч улстөрч уригдаагүй, гаднын нэг ч хүн байхгүй, зөвхөн хэвлэл мэдээллийн салбарынхан оролцсоноороо бусад шинэ жилээс онцлог. Ийн шинэ соёлыг сэтгүүлчид бий болгон хэвшүүлэх зорилготой ажиллажээ.

Энэ оны "хамгийн" эмгэнэлтэй мэдээ

Энэ сарын 13-наас 15-ны өдрүүдэд нийслэл хотын хэмжээнд 27 хүн осгож амиа алдсан харамсалтай мэдээллийг бид сэрэмжлүүлэг мэдээ болгон хүргэж байсан. Тэгвэл эдгээр иргэдийн нэг болох байгууллагынхаа тэргүүний ажилтан болсон 34 настай Б-нь шинэ жилийн үдэшлэгээ тараад харих замдаа осгож нас баржээ. Өнгөрсөн баасан гаригийн шөнө Орхон аймгийн Баян-Өндөр сумын энэ явдал болсон аж. Талийгаач санхүүч мэргэжилтэй бөгөөд Эрдэнэт хотод таван жилийн өмнө шилжин очиж, уг ажилд орсон байдаг.

Мөн тэр шөнө нийслэлд таван хүн ийм золгүй байдлаар амиа алдаж, харин маргааш нь буюу бямба гаригт золгүй байдлаар нас барсан 14 хүний арав нь осгож үхсэн байдалтай олдсон юм.

Манай улсад шинэ жилийн баяр тэмдэглэх нь маш өндөр зардалтай буюу бүхэл бүтэн хүний аминд хүрсэн баяр болж хувирч байгаа юм. Энэ мэт хэргүүдээс буруутанг хайх хэцүүхэн.

Хамгийн гол нь архи дарс хэрэглэддэггүй тааруулж уусан нэг нь согтсон нэгэндээ анхаарал тавин таксинд суулгаж өгөн машины дугаарын харан ар гэрийнхэнд нь ядаж хэлсэн бол ийм байдал гарахгүй гэдгийг бас бодож үзмээр...

Монгол хүний нинжин сэтгэл хүн хүнээ гэсэн сэтгэл байхгүй болоод байгаа нь тод жишээ. Хамт олон нь ядаж жоохон ч гэсэн анхаарлаа хандуулсан бол ийм хэрэг гарахгүй байх бүрэн боломжтой.

"Хамгийн" олон хүн хоолонд хордсон мэдээ

Энэ сарын 21-нд  Цэргийн эмнэлгийн ажилтнууд Чингисийн өргөө цогцолборт шинэ жилээ тэмдэглэсэн байна. Гэвч баярын үеэр 180 ажилтан хоолонд хордсон гэж эх сурвалж мэдээлж хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдсан.

Энэ тухай тус эмнэлгийн удирдлагуудаас тодруулахыг хүсэхэд “Энэ талаар мэдээлэл өгөхгүй” хэмээн хариулт өгөхөөс татгалзав. Мөн энэ талаарх мэдээллийг  гадагш өгөхгүй байхыг албан хаагчиддаа үүрэгдсэн сурагтай.

"Хамгийн" өндөр зардалтай шинэ жил

Шинэ жил болох гэж буйтай холбогдуулан УИХ-ын Тамгын газраас төсвийн мөнгийг гамтай зарахыг төрийн албан хаагчдад сануулж байсан удаатай.

Гэтэл УИХ-ын Тамгын газраас гаргасан тооцоогоор нэг албан байгууллага шинэ жилийнхээ баярыг гурван цаг тэмдэглэхэд 60-100 сая төгрөг төлөх тооцоо гаргасан байх жишээтэй.

Үнэндээ төрийн албан хаагчид, том компаниудаас өөр ийм их төсвөөр шинэ жил тэмдэглэдэг албан байгууллага байхгүй гэхэд хилсдэхгүй.

Иргэдийн худалдан авах чадвар өдрөөс өдөрт муудаж байхад хэдэн сая төгрөгийг шинэ жилд зориулна гэдэг нь харамсалтай. Харин төрийн байгууллагынхан 60-100 сая төгрөгийг гуравхан цагт тавиад туучихдаг бололтой.

"Хамгийн" шилдэг уриалга

Хүйтний эрч улам чангарч байгаа энэ үед шинэ жилийн баяраа тэмдэглэсэн иргэд согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ осгож, амиа алдах явдал гарч байгааг цагдаагийн байгууллагаас анхааруулж "Архигүй шинэ жил" уриалгыг гаргасан юм. Энэхүү уриалгад "Шинэ жилийн баяраа хамт олонтойгоо амжилтаар, ар гэрийнхэнтэйгээ аз жаргалаар тэмдэглэе" гэжээ.

Х.Даваа