Овоолсон шорооны хэрэг хаана гацав
2017/11/18
2017 оны наймдугаар сар.
Төсвийн их хэмжээний мөнгийг угаасан хэрэгт сэжиглэгдсэн “Монголын төмөр зам” ТӨХК-ийн дэд захирлын албан тушаалыг эрхэлж байсан П.Бат-Эрдэнэ, “Либерти Партнерс”-ын захирал Ч.Ганбат нарыг Интерполоос эрэн сурвалжлах ажиллагааг зогсоов. Уг нь тэднийг 2015 оны арваннэгдүгээр сараас эхлэн интерполоор эрэн сурвалжилсан ба буруутгал нь төсвийн хөрөнгөнөөс их хэмжээгэр шамшигдуулж, улмаар хариуцлагаас зугтан оргон зайлсан явдал. Уншигчид санаж буй бол, төмөр замын хэрэгт Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга асан, ‘Монголын төмөр зам’ ТӨХК-ийн ТУЗ-ийн дарга асан Б.Батзаяа нэр холбогдож, дуулиан тарьж байлаа.
Түүнийг Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх тасгаас 2016 онд баривчилсан ч тун удалгүй батлан даалтаар сулласан. Энэ БНСУ-ын “Эл Си Ти Эс” компанийн гүйцэтгэх захирал Ли Жонгьюл нарын хэдэн хэдэн хүнийг давхар байцааж, мөнгө угаасан хэргээр буруугаж байлаа. Учир нь Монголын гэмт хэргийн түүхэнд ийм их мөнгө зувчуулсан хэрэг урьд хожид гараагүй билээ. Хамгийн гол нь, эл хэргийг хаагаагүй байгаа. Одоо ч Авлигатай тэмцэх газар, Цагдаагийн ерөнхий газрын хамтарсан ажлын хэсэг хэргийг хүчин төгөлдөр шалгаж, мэдүүлэг, байцаалтаа авсаар байна. Тийм байтал хэргийн гол эзэн холбогдогч, сэжигтэн этгээдүүдийг олон улсад эрэн сурвалжлах ажиллагааг хэний хүсэлтээр зогсоов.
2017 оны арваннэгдүгээр сар.
Ерөнхийлөгч Х.Баттулгын зарлигаар А.Гансүхийг Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Нарийн бичгийн даргаар томилов. Тодруулбал, ҮАБЗ-ийн Нарийн бичгийн дарга Ц.Энхтүвшин өөр албан тушаалд томилогдож, оронд нь А.Гансүхийг ийнхүү ҮАБЗ-ийн Нарийн бичгийн даргаар томилсон байна.
Ингээд шинэ Нарийн бичгийн даргад алба шилжүүлэх ёслол болсон ба энэ үеэр Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын Үзэл баримтлалыг гардуулдаг уламжлалтай. Ц.Энхтүвшин А.Гансүхэд Үзэл баримтлалыш гардуулахдаа “ҮАБЗ-ийн Нарийн бичгийн дарга бол Монгол төрийн хар хайрцагны бодлого, төрийн аюулгүй байдлын хамгийн нарийн нандин бүхнийг хариуцаж ажиллаж байх ёстой. Монгол Улсын аюулгүй байдал гэдэг бол Монгол Улсын тусгаар тогтнол, хил хязгаарын халдашгүй дархан байдал, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, Монгол төрийн тасралтгүй үйл ажиллагаа, монгол хүний эрүүл, аюулгүй орчинд аж төрөх нөхцөл байдлын асуудал юм. Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал бол Монгол Улсын Үндсэн хуулийн дараа орох, бидний баримталж явах ёстой гол бичиг баримт юм. Та Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалыг байнга сахин хамгаалж яваарай. Цаашдын ажилд тань хамгийн сайн сайхныг хүсэн ерөөе” хэмээн тун нухацтай өгүүлэв.
Төмөр замаар шалгагдаж буй этгээдүүд цагаадан, дэвшихийн учир
Хэрэг явдал ийм байдлаар үргэлжлэх аж. Монгол Улсын эдийн засгийг цоо шинэ талбарт хүргэхэд онц чухал нөлөө бүхий төмөр зам салхинд хийссэн мэт замхарч, сарнисан. Зураг төсөл, төсөв төлөвлөгөө, санхүүжилт гээд Тавантолгой-Ганцмодны төмөр замыг босгоход дутуу зүйл нэгээхэн ч байгаагүй атал ийм зүйл болсон. Гэвч хэрэг хуучирдаггүй. Эзэн холбогдогчид нь өнөөдөр цаг зуурын цагаатгал эдэлж байгаа ч шүүхээс энэ хэргийг эцэслэн шийдээгүй байгаа. Гэтэл төмөр замын хэрэгт хамгийн ихээр нэр холбогдож асан, өдгөө ч холбогдсоор байгаа хүн ийнхүү Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Нарийн бичгийн дарга болж байна. Харин бусад этгээдийн хэргийг цагаатгах асуудал нь цаг хугацаатай уялдах аж.
Дээр дурдсан Интерполын эрэн сурвалжлах ажиллагааг таслан зогсоосон хүсэлтийг Х.Баттулга Ерөнхийлөгч болсныхоо дараахан илгээсэн гэх мэдээлэл хэвлэлээр гарч байсан . Түүгээр ч үл барам, одоо Монголоос зугтсан гэмт этгээдүүд нэг нэгээрээ буцаж ирэх ба тэд онгоцны буудлаас баривчлагдах аюулаас мултарсан байгаа гэцгээж байв.
Энд бас нэгэн асуудал олны хараанаас мултарсан. “Монголын төмөр зам” компанийн дэд захирал асан П.Бат-Эрдэнэ гэгчийг баривчлах тушаал 2015 онд гарсан. Харин П.Бат-Эрдэнэ усанд хаясан чулуу шиг алга болсон. Түүнийг хоёр орны иргэншилтэй байсан гэх цуурхал ч гарсан юм. Гэтэл 2016 оны арванхоёрдугаар сард тэрбээр аюулгүй байдлыг нь хангаж, төрөөс амь насыг нь хариуцан хамгаална гэвэл мэдүүлэг өгөхөд бэлэн гэж утсаар ярьсан тухай мэдээлэл тархсан. Гэвч энэ дуулиан сонгуулийн шуугианд дарагдаад нам гүм болсон бөгөөд өнөөг хүртэл П.Бат-Эрдэнэ гэдэг хүний тухай ганц ч сураг гарсангүй. Тэрбээр амьд, үхсэн аль нь ч тодорхойгүйгээр алга болсон юм.
Тэгэхээр хөшигний ард туйлын их эрх мэдэл бүхий этгээд бий нь ойлгомжтой. Олон улсын цагдаад хүртэл нөлөөлнө гэхээр улсын нэрийг барихуйц албан тушаалтан байх нь ч ойлгомжтой. Хамгийн бодит үнэн гэвэл Тавантолгойгоос Гашуунсухайт хүртэлх 267 км төмөр замын ажил арав гаруй жил гацаж Монголын эдийн засагт ямар их хор хохирол учруулсныг хүн бүхэн мэднэ. Тэгвэл энэ хэргийн учир зангилаа хэзээ тайлагдах бол.
Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс одоогоос хоёр жилийн өмнө шинэ төмөр замтай холбоотой хэргээр Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга асан, “Монголын төмөр зам” ТӨХК-ийн ТУЗ-ийн дарга асан Б.Батзаяаг саатуулан шалгаж эхэлсэн билээ. Тэгвэл энэ хэрэг өнөөдөр ямар шатандаа явж байгаа, хэргийн эргэн тойронд чухам юу болоод байгаа тухай мэдээлэл тун бага байна. Уг нь засаг төр солигдохоос өмнө хуулийнхан энэ хэргийн мөрдөн байцаалтын явцад ямар шинэ нөхцөл байдлууд үүссэн талаарх мэдээллийг тухай бүрд нь өгдөг байсан ч одоо цаг үе нь өөрчлөгдсөн бололтой. Ямартай ч тус хэрэгт Б.Батзаяагаас гадна Зам тээврийн сайдаар ажиллаж байсан А.Гансүх, Төрийн өмчийн хорооны даргаар ажиллаж байсан Д.Цогтбаатар, “Монголын төмөр зам” Төрийн өмчит хувьцаат компанид төслийн хэлтэст хэлтсийн даргаар ажиллаж байсан А.Зориг, “Эс Си Ти И Си Эм” ХХК-ийн гүйцэтгэх захирал, төсөл хариуцсан захирлаар ажиллаж байсан БНСУ-ын иргэн, Ли Жонг Ёл, БНСУ-ын “Соён инженеринг” ХХК-д зургийн инженерээр ажиллаж байсан Гу Дун Хён нар холбогдсон билээ. Тэднийг албан тушаалаа урвуулан ашигласан, улсад их хэмжээний хохирол учруулсан гэж үзэж, сэжигтнээр татан шалгах болсон юм.
ХЭРГИЙН УЧИГ ХАА ХҮРЭЭД ЗОГСОХ БОЛ
Дээрх нэр бүхий хүмүүст холбогдох хэргийг өнгөрсөн гуравдугаар сарын 29-ний өдөр прокуророос Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх рүү шилжүүлсэн ч тус шүүх хэргийн материалтай нь танилцаад хурал хийлгүйгээр хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан. Хэргийг буцаах болсон шалтгаан нь тус хэрэгт дахин нэмэлт байцаалт хийх хэрэгтэй гэж үзсэнтэй холбоотой.
Ингээд тус шүүхээс гаргасан уг тогтоолыг улсын яллагч У.Дэндэвдорж, Б.Хурц нар эсэргүүцэж, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хандсан ч тусыг эс олсноор хэрэг ийнхүү нэмэлт мөрдөн байцаалтад буцсан юм. Уг нь хэрэгт хяналт тавьсан прокурорууд мөрдөн байцаалтын ажиллагаа хангалттай хийгдсэн хэмээн үзэж эсэргүүцэл бичжээ. Харин одоо бүтэн хоёр жил гаруй хугацаанд шалгагдсан эл хэргийн нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа ямар шатандаа явж байгаа бол гэдэг нь олны сонирхлыг татаж байна. Уг хэрэг дээр ажилласан мөрдөн байцаагч нар болон прокурорууд ч хэргийг хангалттай шалгасан, нотлох баримтыг сайтар цуглуулж, хөдөлшгүй баримтыг олноор хавсаргасан гэдгээ шүүхэд бичсэн эсэргүүцэлдээ дурдсан байдаг. Гэтэл шүүх эл хэргийг яагаад нэмэлт мөрдөн буцаав гэдэг нь анхаарал татаж байна.
Г.Энх-Амгалан
niigmiintoli.mn