Хүүхдийн дэргэд ярьж, хэлэх үгээ хяна
2017/11/26
Гурван нас гарантай хүү аавынхаа өөдөөс зохисгүй үг хэлээд зөрүүдэлж уйлна. Аав нь өхөөрдөөд:
- энийг хар даа, ингэж ярьдаг болсон... гээд инээх.
Хэлд орж байгаа нь сайхан хэрэг ч, зохисгүй үг хэлэх нь харамсалтай. Хүү удахгүй цэцэрлэгт ороод ангийн хүүхэдтэйгээ тоглоом булаацалдаад өнөөх цээжилсэн үгээ хэлбэл яах вэ? Хэн муухай харагдах вэ? Мэдээж хүүхдийн аав, ээж.
Хүүхэд эргэн тойрны хүмүүсээс шинэ үг, эх хэлний дүрэм, харилцааны чадварыг суралцаж байдаг. Сонин, содон үг хэллэгийг маш амархан тогтооно. Гэхдээ томчууд маань нэг л зүйлийг ойлгоорой! Хүүхэд таны хүссэнээр биш хүмүүжүүлснээр л хүн болдог. Үг ойлгохгүй жаахан юм гэж хажууд нь зохисгүй үгээр бүү ярилц!
1 нас: Анхны үгээ хэлж эхэлнэ.
1,5 нас: Дунджаар 25 үг идэвхтэй хэрэглэнэ
2 нас: Үгийн санд 50 орчим идэвхтэй үгтэй, хоёр үгт өгүүлбэр хэлнэ. Бусдын яриаг маш сайн ойлгоно.
2,5 нас: 150-200 үгтэй, шинэ үгийг эрчимтэйгээр цуглуулж, тогтооно.
3-4 нас: 800-1000 орчим үгтэй болж эх хэлнийхээ дүрмийг эзэмшсэн байдаг. Яагаад асуултын нас ч гэж нэрлэдэг.
5-6 нас: Хааяа нэг хэрэглэдэг идэвхтэй үг 13000 орчим болсон байна. Өөрийн санаагаа бусдад бүрэн илэрхийлнэ.