Шинэ он хаяанд ирлээ. Хэдхэн цагийн дараа шинэ он цагийн зүүтэй уралдан хаалга тогшин айлчлана. Өнөөдөр шүүмжлэл элдэв мэдээлэл бичихээс илүүтэй удахгүй хуучин оноо үдэх гэж буй учраас 2013 онд болсон нийгэм, урлаг, спорт, улс төрд өрнөсөн гэрэлтэй гэгээлэг үйл явдлыг тоймлон хүргэж байна.

Ц.Элбэгдорж дахин Монгол улсын Ерөнхийлөгчөөр сонгогдлоо

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2013 оны сонгуулиар Төрийн тэргүүнээр дахин сонгогдсон Цахиагийн Элбэгдорж долдугаар сарын 10-нд Ерөнхийлөгчийн тангараг өргөсөн юм. Энэ жилийн Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслол анх удаа Чингис хааны хөшөөний өмнө, ард иргэдийнхээ өмнө болсноороо онцлог болсон. Тангараг өргөх ёслолын өмнө Төрийн есөн хөлт цагаан туг, төрийн тамга, Үндсэн хуулийн уг эх зэргийг Төрийн ордноос залан гаргаж ирсэн билээ.

Монгол Улсын Ерөнхийлөгчийг тангараг өргөх ёслолын эхэнд эзэн Чингис хааны хөшөөний өмнө УИХ-ын хүндэтгэлийн чуулган хуралдсан юм. Уг чуулганд Ерөнхий сайд Н.Алтанхуяг, Засгийн газрын гишүүд, Үндсэн хуулийн Цэц, Улсын дээд шүүхийн гишүүд, гадаад, дотоодын зочид төлөөлөгчид оролцлоо. Гадаадын зочдын дунд Бүгд найрамдах Польш улсын Ерөнхийлөгч асан, Нобелийн шагналт, Польшийн ардчиллын бэлгэ тэмдэг Лех Валенса, АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын ахлах зөвлөх Томика Тиллман, ОХУ-ын Холбооны зөвлөлийн нэгдүгээр орлогч дарга А.П.Торшин, БНХАУ-ын БХАТИХ-ын Байнгын хорооны дэд дарга Сянба Пинцуо, Японы Үндэсний аюулгүй байдал, хулгайлагдсан иргэд, байгалийн гамшгийн асуудал эрхэлсэн сайд Фүрүя, Энэтхэг улсын Шинэ болон сэргээгдэх эрчим хүчний сайд Ф.Абдулла, Францын Хөдөө аж ахуй, хүнс, ойн асуудал эрхэлсэн төлөөний сайд Г.Гаро, Ираны Газрын тосны сайд Р.Гасеми, БНСУ-ын Ерөнхийлөгчийн нарийн бичгийн дарга Жү Чол Ги нарын хүмүүс байв.

Дэлхийн аваргаас гурван медаль хүртсэн чөлөөтийн анхны монгол эмэгтэй тамирчин

Унгар улсын нийслэл Будапешт хотноо болсон чөлөөт бөхийн ДАШТ-нээс  ОУХМ, Гавьяат тамирчин О.Насанбурмаа хүрэл медаль хүртэн шигшээ багийнхаа медалийн тоог нэмсэн юм.   Ингэснээр гавьяат тамирчин О.Насанбурмаа Дэлхийн аваргаас гурав дахь хүрэл медалиа хүртэж, ДАШТ-ий 3 медальтай чөлөөт бөхийн анхны эмэгтэй тамирчин болсон. Түүний хувьд энэ жил амжилт арвинтай байсан. Хамгийн гол нь дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс гурав дахь хүрэл медалиа авч бахдам амжилтыг үзүүлсэн билээ. Ингэснээр дэлхийн аваргаас гурван медаль хүртсэн чөлөөтийн анхны монгол эмэгтэй тамирчин болов. Мөн энэ жилийн "Бөртэ чоно"-ын шилдэг тамирчдын нэгээр шалгарсан. Тэрбээр өмнө нь хоёр удаа орж байсан. 2008, 2011 онд гаргасан амжилтаараа оролцож байсан удаатай. О.Насанбурмаа ирэх оны гуравдугаар сард Японы Токио хотод болох тэмцээндээ  хэсэг ахалж оролцоно. Эх орныхоо дэвжээнд үзүүлсэн амжилтаа бататгахын тулд улам их хичээнэ гэдэгт итгэлтэй байна.

Урлагийн салбарын отгон Төрийн соёрхолт

Төрийн соёрхол хэмээх эрхэм дээд шагналыг УДЭТ-ын ерөнхий найруулагч Н.Наранбаатар хүртэж, урлагийн салбарын отгон Төрийн соёрхолт болсон юм. Найруулагч Н.Наранбаатарын хувьд дэлхийн алдарт сонгодгууд болох "Гамлет", "Тэнгэрийн хүү", "Тамгагүй төр", "Парисын дарь эхийн сүм" зэрэг жүжгүүдийг найруулснаас гадна "Хар санаа, хайр сэтгэл" жүжгийн Фердинанд, "Саран хөхөө"-гийн номч түшмэл Дарма, "Атга нөж"-ийн Жамуха, "Харц хатан"-ы Ёндон зэрэг дүрүүдийг бүтээсэн билээ.

Агаар дээр мэт сонсогдож байсан найман хувийн хүүтэй зээл ажил хэрэг болов

Энэ жил эдийн засгийн өсөлтийг аварсан нь яах аргагүй үл хөдлөх хөрөнгийн салбар байлаа. Тэр дундаа орон сууцны зах зээл байсан гэдэгтэй маргах хүнгүй. Энэ бол найман хувийн хүүтэй орон сууцны  зээл юм. Засгийн газар иргэдэд жилийн найман хувийн хүүтэй, 20 жилийн хугацаатай зээл олгох журмыг батлаад хэрэгжүүлж буй бөгөөд урьдчилгаа 30 хүртэлх хувийг төлсөн иргэдэд хөтөлбөрт хамрагдах боломжийг олгосон билээ. Засгийн газар "өмнө орон сууцны зээлд хамрагдан 16 хувийн хүүгээр байр авсан иргэдийн хувьд 8 хувийн хүүтэй зээл рүү шилжсэн 13800 иргэн байна. Харин шинээр найман хувийн хүүтэй зээлийн хөтөлбөрт хамрагдсан 2947 зээлдэгч байна" хэмээн мэдээлсэн юм.

Ийнхүү иргэдэд маш их эргэлзээ төрүүлж байсан нь найман хувийн зээл биелэлээ олж иргэд зээлд хамрагдсандаа баяртай байгаа.

Өнгө зүсэндээ анхаарч, олон улсын зочдодоо угтсан Монгол Улс

Монгол Улсад  Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн Сайд нарын 7 дугаар бага хурал зохион байгуулагдсан. Дэлхийн 140 орчим орныг эгнээндээ нэгтгэсэн Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийг манай улс 2011 оноос эхлэн даргалж ирсэн юм. Энэхүү бага хурлын үеэр 140 гаруй орны 1000 орчим хүндтэй зочид төлөөлөгчид манай улсад айлчилж,  10 гаруй орны төр, засгийн тэргүүн, мөн тооны дэлхий дахинаа нэр хүндтэй улс төрийн зүтгэлтнүүдийг Монгол Улсын Ерөнхийлөгч өөрийн хүндэт зочноор урьж авч ирсэн явдал байлаа. Энэ чуулга уулзалтын өмнө цагдаагийнхан өвгөнтийн гэх тодотголтой архичдыг ачиж, хог түүж, хотын төвөөр сэлгүүцдэг хүүхдүүдийг хотын төвөөс хөөж, замаа хүртэл угааж, хуучин нураасан байшингуудыг ногоон тороор бүтээж их л бэлтгэл хийж угтан авсан юм.

“Монгол 93” шатахуун хэрэглэгчдэд хүрэв

Монгол Улсад нийтдээ 20 гаруй талбайд 16 орчим компани газрын тосны эрэл хайгуулын үйл ажиллагаа явуулдаг. Тэгвэл 2013 оны 5 дугаар сарын 16-аас эхлэн Монгол газраас ундарсан газрын тосоор бүтээсэн "Монгол 93" шатахуун хэрэглэгчдэд хүрч эхэлсэн билээ. Уг автобензинийг БНХАУ-д боловсруулж, анх сардаа 10 орчим мянган тонныг Монголд нийлүүлж байсан. Чанарын хувьд АИ-92 автобензинтэй дүйхүйц уг шатахууныг бид импортлож эхэлснээр шатахууны хувьд ОХУ-аас бүрэн хамааралтай байдлаа 40 орчим хувиар бууруулах боломж бүрдсэн гэдэг.

Мөн Газрын тосны газар, Хятадын "Петро чайна интернэйшнл" компанийн хооронд Монголд олборлож буй түүхий тосны хэмжээ өсч байгаатай уялдуулан Хятадаас нийлүүлэх шатахууны хэмжээг нэмэгдүүлэх тухай Харилцан ойлголцлын санамж бичгийг өнгөрсөн 10 дугаар сард байгуулав. Мөн Замын-Үүд өртөөн дэх шингэн түлш шилжүүлэн ачих төхөөрөмжийн өргөтгөлийн ажил дууссан. Уг байгууламж бүрэн хүчин чадлаараа ажиллавал сард 35-40 мянган тонн шингэн түлш шилжүүлэн ачих боломжтой аж. Ингэснээр манай улсын газрын тосны бүтээгдэхүүний нэг сарын хэрэглээний 40-50 хувийг БНХАУ-аас импортлох боломж бүрдэнэ гэж мэргэжилтнүүд дүгнэж байгаа.

Анх удаагаа дөрвөн ихэр хүүхэд мэндлэлээ

Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Хэрх тосгоны хэсгийн төлөөлөгч, цагдаагийн дэслэгч Ч.Баттулгын гэргий Э.Хандаа  дөрвөн ихэр төрүүлж  Монголчуудыг баярлуулж, хүн бүр ихрүүдийг  эсэн мэнд бойжиж, сайн хүн болохыг хүсэж байгаа билээ. Ихрүүдийн гурван хүү, нэг охиндоо  аав ээж нь  Б.Магнай, Б.Манлай, Б.Мандал, Б.Маргад хэмээх нэр хайрласан. Үрийн заяа түшиж, жаргал бялхсан өнөр бүлдээ эрүүл энхийг хүсэн ерөөе.

Зүүн хойд Азийн орнуудын эмэгтэй парламентчид анх удаа чуулав

УИХ дахь эмэгтэй гишүүдийн бүлгийн санаачлагаар Зүүн хойд Азийн орнуудын эмэгтэй парламентчдын чуулга уулзалт 11 дүгээр сарын 24-25-нд Улаанбаатар хотноо "Боловсролоор дамжуулан энх тайван, хөгжил дэвшлийг урагшуулахад эмэгтэй парламентчдын гүйцэтгэх үүрэг" сэдвийн дор зохиогдон өндөрлөсөн. Энэхүү чуулга уулзалтад ОХУ, БНХАУ, БНАСАУ, БНСУ, Япон улсаас төлөөлөгч оролцохоос гадна НҮБ, түүний салбар байгууллагууд, Азийн сан зэрэг боловсрол, эмэгтэйчүүдийн оролцоо, хүний эрхийн чиглэлээр идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг олон улсын байгууллагуудын төлөөлөл урилгаар оролцсон билээ. Уг чуулга уулзалтын талаар Тусгай үүрэг гүйцэтгэгч Элчин сайд С.Бадрал: "Монгол Улс ЮНЕСКО-гийн Ерөнхий бага хурлын 37 дугаар чуулганд тогтоолын төсөл оруулж хэлэлцүүлэн, Ардчиллын боловсролоор дамжуулан дэлхийн иргэнийг төлөвшүүлэх зорилтыг дэмжих гэсэн тогтоол өнгөрсөн долоо хоногт батлуулсан байна. Энэхүү тогтоолын ач холбогдол нь иргэний болон хүний эрхийн боловсрол, ардчиллын боловсролын асуудлаарх сургалтын хөтөлбөрийг боловсруулах, хэрэгжүүлэх талаар улс орнуудын олсон сайн туршлагыг хоорондоо хуваалцах, харилцан суралцахыг хүссэн заалтад байгаа. Монгол Улс Ардчиллын боловсролын тухай тусгай тогтоолыг 2012 онд НҮБ-ын Ерөнхий Ассемблейн 67 дугаар чуулганаар батлуулсан бөгөөд НҮБ-ын гишүүн нийт 193 орны дэмжлэг аван батлагдсан. Энэ 49 орон хамтран зохиогчоор орсон энэхүү тогтоол нь ардчиллын боловсролын асуудлаар НҮБ-аас гаргасан анхны тогтоол бөгөөд үүнийг "Түүхэн тогтоол" хэмээн олон улсын хамтын нийгэмлэг өндрөөр үнэлсэн" хэмээн онцолж байв.

Хулгайлагдсан Т.Батаар Эх орондоо ирэв

Одоогоос яг нэг жилийн өмнө буюу 2012 оны тавдугаар сарын 18 Нью-Йорк хотноо дуудлага худалдаанд орох гэж байсан нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонорт хүрч, тэр даруйд нь Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж улсынхаа нэрийн өмнөөс нэхэмжлэл гарган шуурхай ажилласны үр дүнд буцаан авсан 70 гаруй сая жилийн настай Тарбозавр Батаар үлэг гүрвэлийн олдвор тавдугаар сарын 17-ны баасан гаригийн шөнийн 23:15 цагт эх орондоо эргэн ирсэн юм. Тавдугаар сарын 6-нд АНУ-ын Нью-Йорк хотнoo Тарбозавр Батаар үлэг гүрвэлийн олдворыг Монголын тал хүлээн авснаас хойш 11 хоногийн дараа "Кореан эйр" компанийнхан өөрийн онгоцоор үнэ төлбөргүй тээвэрлэн Улаанбаатарт авчрав. Түүний араас янз бүрийн цаг хугацаанд, агаараар, бас далайн тээврээр 20 гаруй тооны динозаврын олдворууд Монголдоо ирсэн. Бүтэн жилийн турш дуулиан дагуулсан жинхэнэ Баатар болох, бас араасаа бүхэл бүтэн сүрэг динозавр дагуулж буй Тарбозавр Батаарыг "Чингис хаан" олон улсын нисэх онгоцны буудалд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан, УИХ-ын гишүүн, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Сайханбилэг, УИХ-ын гишүүн, Соёл, спорт, аялал жуулчлалын сайд Ц.Оюунгэрэл, цагдаа, гааль, даатгалын ажилтнууд хүлээн авч байсан билээ.
Үүнээс хойш "Туушин" ХХК-ийн баталгаат агуулахад хадгалагдаж байсан үлэг гүрвэлийн олдворыг Сүхбаатарын талбайд байрлах "Үлэг гүрвэлийн түр музей"-д 6 дугаар сарын 3-нд шилжүүлэн авчиран олон нийтэд үзүүлж сонирхуулсан юм.
 
Ийнхүү 2013 онд олон гэгээлэг сайхан үйл явдлууд их өрнөжээ. Айлчлан ирж буй 2014 онд Монгол улсад маань илүү их гэрэл гэгээтэй, ард иргэдэд баяр баясал авчирсэн сайхан үйл явдлаар дүүрэн байна гэдэгтэй итгэлтэй байна.
Уншигч та бүхэндээ болон гэр бүлийнхэнд нь аз жаргал, эрүүл энхийг хүсэн ерөөе.
 
Х.Даваа