“Нарантуул” худалдааны төв рүү орох, гарах гарцыг нэмэгдүүлжээ
2014/01/01
Улаанбаатар хотын замын хөдөлгөөний ачааллыг бууруулах ажлын хэсэг, Захирагчийн ажлын алба, зах, худалдааны төвийн удирдлагууд нийслэлийн Засаг даргын 2013-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх, хотын тохижилт, өнгө үзэмжийг сайжруулах, нийгмийн дэг журам хангуулах, түрээслэгчид, ажиллагсад, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд ажиллаж, амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, замын хөдөлгөөний ачааллыг бууруулахад хамтран ажиллахаар болж санамж бичигт гарын үсэг зурсан юм. Эхний ээлжинд “Нарантуул”, “Хархорин” "Барс" захын удирдлагууд санамж бичиг үзэглэж, санамж бичгийн дагуу зохион байгуулалтын ажлууд хийж эхлээд байна. Одоогоор “Нарантуул” худалдааны төвийн хуучин хүнсний захын урд хэсэгт худалдаа явуулж байгаа түрээслэгчдийг шилжүүлж зогсоолын талбайг чөлөөлж эхэлсэн, зах руу орох болон гарах гарцны тоог нэмэгдүүлээд байна. Тодруулбал, “Нарантуул” худалдааны төвийн зүүн хойд хаалганаас хойшоо болон зүүн зүг рүү гарсан 2 гудамжийг чөлөөлж тээврийн хэрэгсэл явахад саадгүй болгож гэрэлтүүлэг хийжээ. Мөн бага оврын автобусны зогсоолыг захын зүүн урд хэсэгт шилжүүлж зөвхөн хойд талын хаалгаар гаргаж байгаа юм. Энэ мэтчилэн зах худалдааны төвүүд нийслэлийн Засаг даргын 2013-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх, хотын тохижилт, өнгө үзэмжийг сайжруулах, замын хөдөлгөөний ачааллыг бууруулах, нийгмийн дэг журам хангуулах, түрээслэгчид, ажиллагсад, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд ажиллаж, амьдрах нөхцөлийг бүрдүүлэхэд хамтран ажиллахад нэгдсээр байгаа юм. Өчигдөр “Баянзүрх худалдааны төв 1”, “Баянзүрх худалдааны төв 2”, “Нарантуул -2”, “Алтжин” худалдааны төв, “Да хүрээ” техникийн зах, “Юмт бөмбөгөр” худалдааны төвийн удирдлагууд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтсийн дарга О.Нарантуяатай “Санамж бичиг” байгуулсан байна