Монгол улс шинэ оны босгон дээр хүн амын тоо хоёр сая 929 мянга 216-д хүрсэн байна. Энэхүү тооллогод гадаадад амьдарч байгаа иргэдээ оролцуулаагүй аж.

Харин тэдгээр иргэдийг нэмбэл хүн амын тоо гурван саяд нэлээд ойртох байсан гэж мэргэжилтнүүд үзжээ. Гэтэл хүн ам нь гурван саяд хүрчихээд байгаа улс оронд Архидан согтуурах явдал маш их газар аваад удаж буй.

Хөл дээрээ тогтон ядан яваа хөлчүү хүмүүстэй өдөр өнжилгүй таардаг. Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн этгээдийг албадан эрүүлжүүлэх тухай хуулиар бол архи уусан хүн бүрийг эрүүлжүүлэх байранд хүргэдэггүй. Өөрийн үйлдлээ хянах чадваргүй болтлоо согтож, гэр бүлийнхнийхээ болон бусдын амгалан тайван байдлыг алдагдуулсан, хаана байгаагаа мэдэхгүй, гудамж, талбай, олон нийтийн газар ухаангүй унасан хүмүүсийг аймаг, дүүргийн Цагдаагийн газар, хэлтсийн ажилтнууд эрүүлжүүлэх байранд авчирдаг. Ингэснээр тухайн иргэн гэмт хэрэг зөрчилд холбогдох, цаашлаад амь насаараа хохирох эрсдлээс урьдчилан сэргийлдэг учиртай.

Тэгвэл цагдаагийн тухай хуулинд нэмэлт өөрчлөлт, шинэчлэлтүүд орсоноор оны эхний өдрөөс эрүүлжүүлэх байрыг татан буулгаж оронд нь хордлого тайлах төв, албадан саатуулах байрыг бий болгохоор болсон. Өөрөөр хэлбэл, "Эрүүлжүүлэх байр нь цагдаагийн төв байгууллагын харьяалалд ажиллана" гэдэг заалтыг  "Эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны" болгон өөрчилжээ. Мөн "цагдаагийн алба хаагч" гэснийг "түргэн тусламжийн төвийн ажилтан, эрүүлжүүлэх байрны ажилтан"  гэж өөрчилсөн юм.

Өнөөдрийн байдлаар манай улс шиг эрүүлжүүлэх байртай улс орон дэлхийн хаана ч байдаггүй гэнэ. Учир нь Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас архинд донтохыг нэг төрлийн өвчин гэж үздэг тул тухайн улсын эрүүл мэндийн байгууллага нь тэднийг эрүүлжүүлэх үүрэг хүлээдэг юм байна.

Иймд УИХ-ын нэгдсэн чуулганаар өнгөрсөн долдугаар сард Цагдаагийн албаны тухай хууль баталсантай холбогдуулан Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн этгээдийг албадан эрүүлжүүлэх хуульд өөрчлөлт оруулж 2014 оны нэгдүгээр сарын 1-нээс мөрдөхөөр болсон. Харин бусад бүх зүйл заалт нь хуучин хэвээрээ, ямар нэг өөрчлөлт оруулаагүй байна.

Аливаа нэг ажлыг эхлүүлэхээр хажуугаар нь саад бэрхшээл, асуудал жам юм шиг гарч ирдэг. Харин энэхүү эрүүлжүүлэх байрыг "Эрүүл мэндийн байгууллагын харьяа" болгосноор албан хаагчид дургүйцлээ илэрхийлээд байгаа юм. Эмч нар "Энэ хуулийг боловсруулахдаа биднээс санал аваагүй. Үнэхээр л иргэдийнхээ эрүүл мэндийн төлөө гэсэн бол эрүүлжүүлэх байртай болгоогүй" гэдгийг хэлж байсан. Гэвч хууль нэгэнт батлагдчихсан, хэрэгжиж өдөр өчигдрөөс эхлээд байна. Гэтэл энэ хуулийг хэрэгжүүлэх Хууль зүйн яам, Эрүүл мэндийн яамны хамтарсан Ажлын хэсэг дөнгөж 2013 оны 12 дугаар сарын 19-нд байгуулагдсан байх юм.

Ажлын хэсгийн эрүүлжүүлэх байрыг  дүүргүүдийн Эрүүл мэндийн нэгдэлд шижлүүлэхээр төлөвлөсөн ч үүнийг дүүргүүдийн Эрүүл мэндийн нэгдэл ч эсэргүүцэж байгаа аж. Учир нь дүүргийн Эрүүл мэндийн нэгдлүүд өөр өөр статустай, зарим нь  хувьчлагдсан, зарим нь дүүргийн эмчлүүлэгчдийг хэвтүүлж эмчлүүлэх ч оргүй байдаг билээ.

Ямартай  ч хууль өчигдрөөс хэрэгжээд эхлэнэ гэсэн ч хүндрэл бэрхшээлүүд ийн гарсаар, асуудал ар араасаа дагуулсаар байна.

Х.Даваа