Охиныхоо ээжид ...
2017/12/08
Сайн байна уу. Та хоёр минь сайн биз дээ. Мэнд мэдэх зүрх зоригтой боллоо. Маргааш гэж өдөр байдгийг ухаарч, манарч явсан өдрүүдээ зүхэж байна.
Одоо чи намайг нэгэнтээ хайрлахаасаа өнгөрсөн биз. Надад ч тийм сэтгэл хөдлөл байхгүй болчихсон байна. Гэхдээ охиныг минь аавыгаа хайрлах, санаж бэтгэрэх, ухаантай хүн болгож хүмүүжүүлээрэй. Чамайг “тэнэг, ухаан муутай” гэж зүхэж байснаасаа хүлцэл өчье. Босгосон амьдралаа цааш үргэлжлүүлэхээс татгалзаж, элэг бүтэн заяаг хагасласан болохоор уур минь намайг ийм үг хэлэхэд хүргэсэн байна.
Түүнээс чи тэнэгтээ надтай өдийг хүртэл амьдарч, мунхагтаа эцэг үр хоёрыг салгаагүй гэдэгт итгэж байна. Олон аймшигтай мэдээлэл дуулдах юм аа. Одоохондоо аавгүй үр сүүдэрнээс айж, сүнсгүй л явах байх. Орог саарал хорвоо шүү, охиныг минь хайрлаж, хамгаалж яваарай. Хүний эх хүүхдээ яаж хайрлахаа надаар заалгахгүй биз дээ. Гэхдээ аав нь алхах замыг нь цэвэрлэж, алсаас харж л яваа шүү гэж охинд минь хэлээрэй.
Ядаж сэтгэл нь дүүрэн яваг. Чи бид хоёрын эхлүүлсэн амьдралд бэлэг болж охин минь ирсэн. Даанч энэ бэлэг хагас тэврэлтээр хорвоог туулж, элэг нь бүлээцэвч, ууц нь даарах заяатай байж. Энэ л миний буруу. Охиноо мэндлэхэд аз жаргал, эрүүл энхийг ерөөх дөө, хагас амьдралтай болно гэж төсөөлж явсангүй. Аав нь хичээсэн бүхнийг сайхан болгох гэж өвдөг дээрээ олон удаа сөгдсөн шүү гэж охинд минь хэлээрэй. Харин ээж нь л бүгдийг шийдэж, аавыг чинь яв гэж зүлгэсэн гэдгээ хэлж яах вэ. Өвдгийг чинь дэрлэж байхдаа аавыг минь явуулсан хүн гэж зүхэх бодол охиндоо өгөөд хэрэггүй биз. Түүний оронд тамиргүйхэн хаалга хаагаад эргэж харж ч чадахгүй явсан аавыг нь л буруутгачих. Би холгүй байгаа.
Хөөрхөн охиноо өдөр өдрөөр өсч томорч байгааг алсаас анзаарч яваа. Хэдэн цаас өгч та хоёрыг доромжлоод яах ч билээ. Гэхдээ тусламж хэрэгтэй бол би хэзээд бэлэн шүү. Хүсч авсан байрныхаа өр зээлийг төлчихөөд, охиноо идэр залуу болоход нь өгнө шүү гэсэн бодолтой ажиллаж байна. Ганц мод гал болохгүй, ганц хүн айл болохгүй гэгчээр гундах, гандах үе байх л юм. Гэхдээ аав чинь мандаж яваа гэж хэлээрэй. Охиндоо хамгийн сүүлд харуулсан өндөр байшинтай ажлынхаа өрөөнд хослол өмсөөд сууж байгаагаар минь ойлгуулаарай.
Битгий нүүрсний машинд сууж, үүрийн жингээр хүрзэнд гараа хайруулж явааг минь хэлээрэй. Охин минь амьдралдаа гутарч мэднэ. Аавыг том даргаар төсөөлж, онгирч явсан нь дээр байлгүй дээ. За чамдаа өгч чадаагүй аз жаргалаа хүсье. Удаан ганцаараа яваад хэрэггүй шүү. Сайн хүн орчлон олон бий. Өмөг, түшиг болохоор үрийг минь бас хайрлахаар тийм хүнтэй учраарай. Харин охинд минь юу гэж хэлэхээ чи өөрөө мэд.
Гэхдээ аав нь бий... Удахгүй ирнэ... Охиноо үргэлж санаж яваа... Хүслийг чинь биелүүлдэг хүн одоо ч хажууханд чинь алхаж яваа гэж хэлээрэй...
Үргэлжлэлийг нь төрүүлж, өдийг хүртэл намайг хайрласан даруу монгол бүсгүй чамдаа баярлалаа.
Зочин · 2017/12/10
Yamar sonin sonin um bichdeg garuud ve?