Дөрвөн ихэрт 12 сая төгрөг өглөө
2014/01/01
Өнгөрсөн оны 12-р сарын 22-23-нд шилжих шөнө дөрвөн ихэр хүүхэд мэндэлсэн билээ. Сэлэнгэ аймгийн харьяат Э.Хандаа дөрвөн ихэр хүүхэд төрүүлсэн нь манай улсын хувьд анхны тохиолдол гэдгийг эмч, мэргэжилтнүүд хэлж байгаа юм. Дөрвөн ихэр хүүхдийн гурав нь хүү, нэг нь охин бөгөөд тэдэнд Магнай, Манлай, Мандал, Маргад хэмээн нэр өгсөн юм.
Дөрвөн ихэрт зориулсан бэлэг, урамшуулал өнөөдрийг хүртэл үргэлжилсээр байна. Тодруулбал ихрүүдийг 18 нас хүртэл Эх нялхсын эрдэм шинжилгээний төвийнхөн үнэ төлбөргүй эмчилгээ хийхээр болсон бол цагдаагийн байгуулгыхан хоёр өрөө байр бэлэглэсэн. Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд, Хүүхдийн төлөө сангийн тэргүүн С.Эрдэнийн шийдвэр, Хүүхдийн төлөө үндэсний газрын даргын 2013 оны А/181 дүгээр тушаалаар Монгол Улсад төрсөн дөрвөн ихэр хүүхдийн эсэн мэнд амьдрах, эрүүл өсч бойжиход дэмжлэг үзүүлэх зорилгоор Баттулга овогтой Магнай, Манлай, Мандал, Маргад нарт тус бүр 1.000.000 /нэг сая/ төгрөгийн Голомт банкны “Алтан түлхүүр” хүүхдийн хадгаламжийг нээж өгсөн.
Тэгвэл ихрүүдэд улсаас нэг удаагийн тэтгэмж болох 12 сая төгрөгийг өгсөн байна. Тодруулбал “Тэтгэмж, тусламжийн хэмжээг тогтоох тухай” 2012 оны 136 дугаар тогтоолоор 2 ихэр хүүхэд төрүүлж эсэн мэнд өсгөж байгаа өрх, иргэнд нэг удаа хүүхэд тус бүрт нэг сая төгрөг, 3 ба түүнээс дээш ихэр хүүхэд төрүүлсэн бол хүүхэд тус бүрт амжиргааг дэмжих мөнгөн тэтгэмж олгохоор заасан.
Тиймээс 4 ихэр хүүхэд төрүүлсэн гэр бүлд 12 сая төгрөгийн амжиргааг дэмжих мөнгөн тэтгэмж нэг удаа Халамжийн сангаас олгож байна. Энэхүү тэмгэмжийг олгох ажиллагаа Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд өнгөрөгч 12 дугаар сарын 31-нд болж, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ 4 ихэр хүүхдийн эцэг, эхэд гардуулж өгсөн байна.
А.Баярмаа