Зэсийн үнэ ч өслөө, зэсийн үйлдвэрийн эзэд ч боллоо
2018/01/11
-Харин өмчийн эзэмшлийн хувьд манай, танай хэмээн булаалдаж, тогтвортой бизнес үйл ажиллагаа, хувьцааны үнэ ханшид нь хохирол учруулахуйц хар бараан мэдэгдлүүдийг сүүлийн үед хайр найргүй хөврүүлсээр байна-
Зэсийн үнэ сүүлийн 15 сарын хугацаанд 45 хувиар өсөж, тонн тутамдаа 7,000 ам.доллар даваад байна. Олон улсын аналистууд, банкууд тэнцвэртэй унийг 6,000-6,200 ам.доллар гэдэг түвшинд тооцоолж байсан бол үүнийг давсан үнийн өсөлт 2018 он, цаашлаад ойрын гурван жил ойролцоо түвшинд хадгалагдахаар байгаа аж.
Энэ хугацаанд амжиж зэсийн олборлолтоо нэмэгдүүлж чадвал таагүй байдалд байгаа нүүрсний экспортын алдагдлыг нөхөх төдийгүй ашиг хийхээр байгааг судлаачид сануулсаар байна. Зах зээлийн ийм таатай үед илүү өндөр үр ашгийн төлөө бизнесийн зарчмаар ажиллаж байх ёстой зэс олборлогч хоёр том компани болох “Эрдэнэт", “Оюутолгой" хоёр хоёулаа улс төрийн маргаан, тэмцлийн бай болчхоод байж байна.
Тэдгээрийн олборлолтын хэмжээ, төсөвт оруулах орлого, үр ашиг, үгүй ядаад хэвийн үйл ажиллагааны талаар яагаад хэн ч ярихгүй байна вэ?! Харин өмчийн эзэмшлийн хувьд манай, танай хэмээн булаалдаж, тогтвортой бизнес үйл ажиллагаа, хувьцааны үнэ ханшид нь хохирол учруулахуйц хар бараан мэдэгдлүүдийг сүүлийн үед хайр найргүй хөврүүлсээр байна.
Төрийн өмчит компаниуд гэх ашиггүй төдийгүй алдагдалтай, захирлууд нь үр дүнгээсээ урвуу хамаарал бүхий өндөр цалин авдаг хаалттай газрууд болж хувирсныг өнгөрсөн жилийн өдийд өмнөх Ерөнхий сайд шүүмжилж байлаа. Хувьчилдаг ч үгүй, өөд нь татдаг эзэн ч үгүй өмчийн үр ашиггүй хэлбэрийн жишээ болсон тэдгээрийг нэг удаа сүрхий цочроосон нь тэр байв.
Үр дүнд нь төрийн өмчит компаниуд 2016 оны эхний хагас жилд 15.5 тэрбум төгрөгийн алдагдалтай ажиллаж байсан бол 2017 оны эхний хагас жилд 459 тэрбум төгрөгийн ашигтай ажиллажээ. Өнгөрсөн нэг жилийн хугацаанд ашиг 30 дахин өсөж, компаниудын эдийн засгийн үр ашиг, санхүүгийн чадавх сайжирч, борлуулалт 3.4 их наяд төгрөгт хүрч орлого 56 хувиар өссөн байна.
Төрийн өмчит компаниудын өр 3.5 их наяд төгрөг болох ба богино хугацаат өр төлбөр 1.4 их наяд төгрөг, урт хугацаат өр төлбөр 2.1 их наяд төгрөг байна. Өр үйлдвэрлэж байгаа тэдгээр төрийн өмчит компаниудыг түрүүчээс нь хувьчлах нь эдийн засагт илүү үр ашигтай гэдэгтэй хэн ч маргахгүй байх. Төр заавал өмчилнө гэж байгаа бол, хэрэв бизнес хийх гэж байгаа бол ашигтай ажиллах ёстой.
Өнөөдрийн байдлаар өөрийнх нь өмчлөлд байгаа үр ашиггүй компаниуддаа менежмент, засаглалаа сайжруулах замаар орлогоо нэмэгдүүлэх бололцооны тухай биш “Эрдэнэт” хийгээд “Оюутолгой”-гоо хүний, өөрийн талаас буцааж авах тухай ярих нь цагаа олсон үйлдэл мөн,үү?!
“Жаст”-ын Батхүүгийн тавьсан өрийн барьцаанд уначхаад байгаа 51 хувь, Оросоос худалдан авсан 49 хувь гэх маргаан дундуур Засгийн газар өчигдөр "Эрдэнэт" үйлдвэрийн 10 хувийг иргэдЭд эзэмшүүлэх шийдвэр гаргалаа. Өртэй, маргаантай энэ үйлдвэрээс иргэд хэзээ 10 хувийнхаа ногдол ашиг үр шимийг хүртэх нь тодорхойгүй Юутай ч хэл ам, хэрүүл тэмцэл, өр зээл ихтэй нэгэн үйлдвэрт бид бүгдээрээ хамаатай болчихлоо. Хяналтаа тэгээд яаж хэрэгжүүлэх нь өнөөдөртөө тодорхойгүй үлдлээ.
“Алаагүй баавгайн арьсыг булаалдаж" суутал маань дэлхий эргэдгээрээ эргэсээр зах зээлийн алтан боломж, үнийн өсөлт үүдээр гараад явчих вий. Ард түмэндээ амсуулна, үнэгүй егнө гэх үгэнд сэтгэлээ цатгаж явтал боломж үүдээр маань өнгөрөөд явчихдагийг хоосон цаас болж үлдсэн "Тавантолгойн 1,072 ширхэг" хувьцаанаасаа харчихад хангалттай.
“Готов нь авна уу, Шадав нь авна уу хамаагүй’’ гэдэг шиг өмчийн хэрүүл, маргаанаа хурдан эцэслээд бодит үр ашиг бизнес төлөвлөгөө зэргээ одоо ярьцгаая. 10 хувийг нь эзэмшдэг болсон ард иргэд эзний ёсоор энэ бүхнийг нэхэх эрхтэй боллоо гэж ойлголоо. Зөв үү?!
Эх сурвалж: Өглөөний сонин