Монголчууд та бидний хүнс мах, гурил хоёртой салшгүй холбоотой.  Тэр ч утгаараа  мах гурил хоёр Монголчуудын хувьд  стратегийн ач холбогдол бүхий  бүтээгдэхүүн юм.

 Харамсалтай нь хүнсний энэхүү гол хоёр бүтээгдэхүүнээрээ  бид чанартай, хүртээмжтэй, хямд хангагдаж чадахгүй  байгаа нь үнэн.  Тэгвэл байдал цаашид байдал  улам хүндрэх төлөвтэй байна. Өөрөөр хэлбэл хүнсний өргөн хэрэглээний нэг болох  гурилны түүхий эд болох улаан буудайг Монгол улс түүхэндээ байгаагүй их хэмжээгээр буюу  100 000 тонноор нь  хаанаас ч юм бүү мэд худалдан авах гэж байна.  Тодруулбал Засгийн газар энэ оны эхний хагаст багтааж 100 мянган тонн улаан буудайг импортоор оруулж ирэхдээ гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх хуулийн төслийг УИХ-д өргөн бариад байгаа. Энэ нь манай улсын хүнсний аюулгүй байдал бүрэн утгаараа алдагдаж байгааг илтгэж байгаа юм.

Манай улс 1990 он гэхэд улаан буудайн дотоодын хэрэгцээг бүрэн хангахын зэрэгцээ экспортлох хэмжээнд хүрсэн амжилттай байсан. Социализмын үед буюу 1985-1988 онд дээд тал нь 640 гаруй мянган тонн улаанбуудай хураан авч байжээ.  Энэхүү хүрсэн төвшин нэгэн үе бүрэн унасан ч "Атрын III аян"-ыг зарласны дүнд  2012 оны эцсээр дотоодын хэрэгцээнээс 204 мянган тонн илүү улаан буудайг хурааж авчээ. Мөн 2012 онд 100 мянган тонн улаан буудайг гадаадад экспортлох хэмжээний нөөцийг одоогийн Засгийн газарт хүлээлгэж өгсөн байна. Гэтэл жил хагасын дараа Засгийн газар энэхүү нөөцийг дуусгасан төдийгүй ургац хураалтын балансаа алдагдуулж, 100 мянган тонн улаан буудайг импортоор оруулж ирэх гэж байгаа нь Засгийн газар, холбогдох мэргэжлийн яамны бодлогын алдааны нэг  тод жишээ болж байгаа юм. Алдаа гаргасан гэдэг нь хэд хэдэн зүйлээс тодорхой харагдаж байгаа.  Тухайлбал Х.Баттулга сайд, яамны Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийн газраас гаргасан тоо нь зөрүүтэй байдаг. Харин энэ тоог  тариаланчид нягталж үзэхэд  бүр ч Үйлдвэр хөдөө аж ахуйн яам  олны тархийг угаасан тоо баримт гаргасан болох нь тогтоогдсон байдаг. Тиймдээ өнөөдрийг хүртэл улсын  нөөцөд  байсан 204 мянган тонн улаан буудайг хэрхэн зарцуулсан тайланг ХХААЯ-наас шаардсан ч гаргаж өгөхгүй байгаа.

Энэ талаар салбарын сайд нь  "2014 онд Засгийн газрын тэргүүн экспортоо дэмжиж, импортыг багасгах зорилт дэвшүүлнэ” гэж мэдэгдсэн. Гэтэл Засгийн газар импортыг дэмжсэн хэвээр байна. Хэрвээ Засгийн газраас зөв бодлого явуулбал Тариалан эрхлэгчдийг дэмжих сан, гурилын үйлдвэрүүдэд нөөцөлсөн буудайгаар дараагийн ургац хураалт хүртэл дотоодын гурилын хэрэгцээг хангах боломжтой.

Улаан буудай импортлох гэж байгаа нь нэр бүхий ашиг сонирхлын зөрчилтэй гурилын үйлдвэрүүдийг дэмжих зорилготой байна. Өнгөрсөн онд эрх баригчид Үнэ тогтворжуулах хөтөлбөрийн хүрээнд 48 тэрбум төгрөгийн дэмжлэгийг гурилын үйлдвэрүүдэд өгсөн. Гэтэл үүний 31 тэрбум төгрөгийг ганцхан гурилын үйлдвэр авсан байдаг. Тэр ч бүү хэл нэр нь дуулдаж байгаагүй олон гурилын үйлдвэр авсан. Энэ асуудлаар холбогдох байнгын хороонд санал тавьж, ямар компаниудад хэдэн төгрөг хуваарилсан, хэрхэн яаж зарцуулсан талаар хяналт шалгалт явуулахаар болсон.

Монгол Улс жилд улсын нөөцөд 198 мянган тонн хүртэл буудайг авдаг байв. Энэ онд 28 мянган тонн л нөөц бүрдүүлжээ. Ийм нөөцтэй байгаа үед ирэх онд гурилын үнийг тогтвортой барих бололцоо хомс. Тиймээс 100 мянга хүртэл тонн улаан буудайг импортоор авахаас аргагүй хэмээн төсөл санаачлагчид тайлбарлаж байна.

Улсын хэмжээнд энэ жил 369.8 мянган тонн улаан буудай хураан авчээ. Энэ нь өмнөх жилийнхтэй харьцуулахад улаан буудайн ургац 95.3 мянган тонноор буурсан үзүүлэлт юм. Гэсэн хэдий ч бид хурааж авсан буудайгаараа дотоодынхоо гурилын хэрэгцээг бүрэн хангаж хүрэлцэх юм байна. Өөрөөр хэлбэл, одоо хурааж авсан буудайгаар 206.4 мянган тонн гурил үйлдвэрлэх боломжтой гэсэн. Харин манай улсын жилийн гурилын хэрэгцээ нь 187.7 мянган тонн аж. Тиймээс улаан буудайн нөөц бүрдүүлэх нэрийдлээр 40 сая ам.доллар үрэн таран хийх хэрэггүй гэдгийг хэлэх эх сурвалж байгаа.  

Тэрхүү 40 сая ам.доллар нь үнэн хэрэгтээ та бидний татварт төлсөн мөнгөний нэг хэсэг нь “зүсээ хувиргасан” хэрэг юм.  Хэлсээр байхад анхаарал хандуулалгүй энэ салбарыг ерөнхийд нь унагачихаж байгаа юм. Өөрөөр хэлбэл тамирчин, мэргэжлийн бус салбарын сайд  Х.Баттулга ганцхан жилд  хөдөө аж ахуйн салбарыг  мөхөлд хүргэхийн зэрэгцээ хэлсэн амнаасаа буцаж байгаа энэ үйлдлээ эргэн харах ёстойг дуулгая.

А.Баярмаа