Өнөө өглөө 3,4-р хорооллын эцсийн буудлаас “Шархад- III, IV хороолол” чиглэлийн автобусыг 07:50 минутаас 08:20 минут хүртэл хүлээж зогслоо.

Уг автобусанд өглөө бүр сууж талбайн автобусны буудал дээр буудаг боловч өнөөдөр үйлчлүүлж чадсангүй. Байнга шахуу үйлчлүүлдэг болохоор тэрхүү автобусанд үйлчлүүлдэг зорчигчдын царай эчнээ танил болсон юм. Тэд ч мөн адил автобусаа хүлээсээр...

Гадаа гурван ес эхэлж байгаа тул хүйтний эрч эрс чангарсан энэ үед автобус хүлээж зогсоно гэдэг амаргүй даваа. Хүүхдээ тэвэрсэн хүмүүс ч олон байсныг хэлэх үү “Офицер-Хороолол” чиглэлийн трoйллебусыг ирэнгүүт бүгд шахалдан сууцгаасан юм.

3,4 хорооллын эцсээс талбай хүрэх замдаа эсрэг урсгалаар “Автобус 1” компанийн автобусыг үйлчилгээнд явж байгаа байх гэж найдан харж явахад хүний урманд ганц ч автобус зөрж өнгөрсөнгүй. Харин өөр баазын автобус, трайллебус л явж байлаа. Өчигдрийн байдлаар 10 гаруй автобус үйлчилгээнд гарсан бөгөөд үлдсэн нь  ажил хаялт зарлаад байгаа гэсэн бол өнөөдөр бүгд ажил хаялт зарласан бололтой.

                  "Автобус 1" компанийн ажилчид Хотын даргатай уулзталаа ажил хаяна

Улсын хэмжээнд 11 чиглэлд үйлчилгээ үзүүлдэг “Автобус 1” Орон нутгийн өмчит үйлдвэрийн газрын /ОНӨҮГ/ ажилчид хугацаагүй ажил хаялт зарлажээ. ажилчид өчигдрөөс эхлэн ажил хаялт зарлажээ. Энэ удаагийн ажил хаялт нь мөн л удирдлагатайгаа таарч тохироогүйгээс болсон гэнэ. Ажилчид цалингаа нэмүүлэх, одоогийн удирдлагуудыг солихыг шаардан хугацаагүй ажил хаялт зарлаж байна.  Мөн Нийслэлийн тээврийн газрын орлогч дарга О.Түшиг тэргүүтэй албаныхан “Автобус 1” ОНӨҮГ-ын удирдлага болон ажилчидтай уулзахаар очсон байв. Гэсэн ч “Автобус 1”-ийн ажилчид уулзахаас татгалзсан юм. Учир нь, ажилчид нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүлийг иртэл яриа хэлэлцээр хийхгүй гэцгээв. Нийслэлийн тээврийн газрын орлогч О.Түшиг тэргүүтэй албаныхан удтал хүлээсний эцэст буцсан юм.

Тэд “Бид энэ ажил хаялтыг хууль бус гэж үзэж байна. Асуудал байж болно, түүнийг нь удирдлагууд шийдвэрлэхгүй бол ажил хаяна гэдгээ гурав хоногийн өмнө нийслэлийн Тээврийн газар албан ёсоор мэдэгдэх ёстой. Хэрвээ урьдчилан мэдэгдсэн бол Нийслэлийн тээврийн газар ажил хаях, талууд харилцан тохирох хүртэл “Автобус 1”-ийн үйлчилдэг чиглэлүүдэд нэмэлт автобус гаргана. Ингэснээр үйлчлүүлэгч иргэдийг хохироохгүй байх боломжтой. Маргааш /I.9/ өдрөөс эхлэн, “Автобус 1”-ийн үйлчилдэг шугамуудад нэмэлт автобус явуулах зохицуулалт хийнэ” гэлээ.

Харин “Автобус 1” ОНӨҮГ-ын удирдлагууд ажилчидтайгаа уулзаж, асуудлыг шийдвэрлэх гэсэн ч ажилчид уулзахгүй байгаа гэв.

“Автобус 1” ОНӨҮГ-ын дарга Ц.Одонтунгалаг: “Автобус 1”-ийн ажилчид тун боломжийн цалинтай. Нэг сая 200 мянган төгрөгийн цалин авдаг жолооч  байна. Кондукторууд 600-750 мянган төгрөгийн цалин авдаг. Мэдээж ажилласан цаг, биелүүлэх ёстой орлогын норм хүрээгүй тохиолдолд цалин хасагдах нь бий. Энэ жишиг бол хаана ч, аль ч байгууллагад мөрдөгддөг зүйл. Би  ажлаа аваад жил болж байна. Ажлаа авмагцаа компанийн мэдлийн хүрээнд ажилчдын цалинг 20 хувь хүртэл нэмсэн. Үүнээс илүү цалин нэмэхээр бол дээд шатны байгууллагууд шийдвэрлэх учиртай. Ажилчдаас компанийн удирдлагуудад гомдол, шаардлага огт ирж байгаагүй. Хэрвээ гомдол, шаардлага удирдлагуудаа хүргүүлээд хариу өгөхгүй, шийдвэрлэхгүй бол ажил хаяж болно. Ажил хаяхдаа бас үйлчлүүлэгч иргэдийг хохироохооргүй урьдчилан мэдэгдсэн байх ёстой.Яг юу нь болохгүй байна? Яагаад байна? Шийдвэрлэх гарцыг хамтдаа хайя, тодруулъя гэхээр уулзахгүй юм” гэж ярьсан юм.

Ажилчид удирдлагуудын ярьж байгаа шиг өндөр цалин авдаггүй гэлээ. Жолооч нь 720-750 орчим мянган төгрөгний цалин авдаг. Кондукторууд 500 орчим мянган төгрөгийн цалин авдаг. Тухайн өдрийн орлого хүрэхгүй бол цалингаас хасагддаг журамтай аж.

Автобусны жолооч, кондукторууд эргэлт бүрдээ тодорхой хэмжээний мөнгө олох нормтой. Гэвч автобусанд суугаад мөнгө төлдөг хүн алга. Автобусанд ихэвчлэн оюутнууд, ахмад настай хүмүүс суудаг. Тэд мөнгө төлдөггүй. Дунд сургуулийн сурагчдын мөнгөөр орлогоо бүрдүүлдэг. Баяр ёслолын үеэр хүмүүс автобусанд төдийлөн суудаггүй. Тэгээд л норм биелсэнгүй гээд цалин хасагдана. Нэг чиглэлд олон автобус явдаг болохоор уралдахаас өөр арга байдаггүй” гэдгийг ажилчид ярьж байна. “Автобус 1”-ийн жолооч нар 450 мянган төгрөгийн үндсэн цалинтай. Үүн дээрээ тухайн сард хэдэн цаг ажилласнаас хамааран цагийн 500-800 төгрөгийн урамшуулал авна. Тухайн ажилтан нэг сард 200 цаг ажилласан гэж бодвол 100-160 мянган төгрөгийн урамшуулал авах жишээтэй. Мөн орлогын арав хүртэлх хувийг ажилчдадаа олгодог гэнэ. Мөн хоол, унааны мөнгө гэж өдөрт 2400 төгрөгийг олгодог байна.

“Автобус 1” ОНӨҮГ 2013 онд тэтгэвэр, тэтгэмжийн зардлаа хэтрүүлсэн гэсэн дүгнэлт гарсан байна. Тиймээс ажилчдын цалинг нэмэх боломжгүй. Цалин хөлсийг нэмүүлэхээр бол дээд шатны байгууллагууд болох нийслэлийн Тээврийн газар, нийслэлийн Засаг дарга зэрэг байгууллагуудад хандах ёстой аж. 

 

                                      Ажилчид гэрээгээ зөрчиж байна

Угтаа бол "Нийтийн тээврийн үйлчилгээг эрхлэн гүйцэтгэх гэрээ”-нд дур мэдэн, зохион байгуулалттай зорчигчдын эрх ашгийг хохироох, зорчигч тээврийн хэвийн үйл ажиллагааг тасалдуулсан тохиолдолд арга хэмжээ авна гэж заасан байдаг.

Харин дээрх ажил хаялтаас болж иргэд өвлийн хүйтнээр автобусаа хүлээж хөлдөх шахаж байгааг тэд мэдэж байгаа болов уу. Хоорондоо 10-15 минутын зайтай зөрчдөг автобус өнөө өглөөнөөс авахуулаад хотын төв замаар нийтийн тээвэрт явж нэг ч цэнхэр өнгийн автобус явж харагдсангүй.

Х.Даваа