2013 оны 12 дугаар сарын 23 өдөр Гаалийн Ерөнхий Газрын харьяа Буянт-Ухаа дахь гаалийн газрын гаалийн улсын байцаагчдыг хуулиар хүлээлгэсэн албан үүргээ гүйцэтгэж байхад нь Улаанбаатар төмөр замын Москва хотод суух суурин төлөөлөгч Пүрэвбаатар гэгч гаалийн хяналтын бүсэд зөвшөөрөлгүй дайран орж ирсэн үйл явдал болсон талаар бид өмнө нь мэдээлсэн.  Тухайн үед ажлаа хийж байсан гаалийн улсын байцаагчид “гаалийн хяналтын бүс” нь тусгай дэглэм бүхий зайлшгүй зөвшөөрөл авч байж нэвтрэх бүс гэдгийг хэлж, шаардлага тавихад ...Муусайн гаалийн ажилтнууд та нар хэн юм бэ? Та нар намайг яах юм бэ? Бүгдийг чинь гаалийн албанаас халуулна, ажилтай чинь ярина... гэх мэтээр зүй зохисгүй авирлан, хэл амаар доромжилж, албан ёсны шаардлага тавьсан гаалийн улсын байцаагчийн эрх чөлөөнд  халдан, зодож танхайран гэмтэл учруулсан бөгөөд одоо тус хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явагдаж байгаа юм.

Төрийн хуулийн дагуу үүрэг хүлээсэн гаалийн ажилтан албан үүргээ гүйцэтгэж, бусдад хууль ёсны шаардлага тавьсаны төлөө зохисгүй авир гарган, хэл амаар доромжилж тэр ч бүү хэл бие эрхтэнд нь халдан гэмтэл учруулсан дээрх үйлдлийн бичлэг олон нийтэд ил болжээ.

 Бид энэхүү бичлэгийг  сэрэмжлүүлэх зорилгоор олон нийтэд мэдээлж байгаа байгаа бөгөөд  энэхүү танхай авир гаргаж байгаа этгээд нь хуульч, өмгөөлөгч нэгэн ажээ.