Оюутнуудад сар бүр 70 мянган төгрөгийн тэтгэлэг олгох санаачилгыг Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж гарган, тэтгэлэг олгогдож эхэлсэн билээ. Мөн өнгөрсөн арваннэгдүгээр сард УИХ-ын гишүүд бүх оюутанд тэтгэлэг олгох бус зорилтот бүлэгт олгох хэрэгтэй гэдэг дээр санал нэгдэж уг тэтгэлгийн журамд өөрчлөлт оруулсан талаар Сургалтын төрийн сангийн дэд захирал П.Лхагвасүрэнгээс дараах зүйлийг тодрууллаа.

- Оюутны үндэсний болон урамшуулалын тэтгэлэг энэ онд ямар журмаар олгогдох вэ?

- Өнгөрсөн 2013 онд 166 мянга гаруй оюутан үндэсний болон урамшуулалын тэтгэлэг авсан. Үүнээс 136.511 мянган оюутан үндэсний тэтгэлэг, 30.161 оюутан урамшуулалын тэтгэлэг авсан байна. Харин энэ оны хувьд нэгдүгээр сараас зургадугаар сард бүх оюутанд хуучин журмын дагуу тэтгэлгээ авна. Гэхдээ 2013 оны арваннэгдүгээр сард Дээд боловсролын санхүүжилтийн баталгааны тухай хуульд орсон өөрчлөлтөөр энэ оны нэгдүгээр сараас гуравдугаар сарын тэтгэлгээ дөрөвдүгээр сард, дөрөвдүгээр сараас зургадугаар сарынхыг зургаа дугаар сард авна. Харин ирэх есдүгээр сарын 1-нээс эхлэн шинэчилсэн журам хэрэгжиж эхэлнэ.

- Журам хэрхэн өөрчлөгдсөн бэ?

- Энэ нь тухайн сургуулийн нөхцөл байдалтай уялдуулж оюутануудад нэг сард болон нэг жилд олгох тэтгэлгийн хэмжээ суралцагчдын чанараас хамаарна .Онц сайн суралцсан оюутанд л тэтгэлэг олгогдоно гэсэн үг .

- Оны өмнөхөн оюутнууд тэтгэлгээ авахад дансандаа үлдээсэн мөнгө алга болсон гэсэн яриа гарсан. Энэ ямар учиртай юм бол?

- Энэ асуудал худлаа. Төрийн сан хэзээ ч хийсэн мөнгөө татаж авна гэж байхгүй. Банк, оюутан хоёрын хооронд харилцаа үүсэж байхад төрийн сан мөнгө татаж авна гэдэг зүйл огт байхгүй. Төрийн сангаас тухайн сургуулийн оюутнуудын мөнгийг тоо ёсоор нь тушаасан байхад буцааж татна гэдэг асуудал байж болохгүй .

- Тодруулга өгсөнд баярлалаа.

А.Баярмаа