“HUMMER service” үүдээ нээлээ
2014/01/12
Саяхан л “Хаммер” хэмээх жип машин анх удаа орж ирж олны нүд хужирлаж байсан бол өнөөдөр монголчуудын хэдийний хэрэглэж заншсан хөлөг унаа болжээ. Тиймээс 2007 онд “Хаммер” машин хөлөглөгчдийн клуб анх байгуулж, үйл ажиллагаа явуулснаар өнөөдөртэй золгож байгаа аж. Тус клубынхан өдгөө эгнээндээ 500 шахам гишүүдийг албан ёсны гишүүнчлэлээр бүртгэж авсан бөгөөд өнөөдөр энэхүү төмөр хөлгийг манай улсад 520 хүн эзэмшдэг мэдээлэл бий. Тэгэхээр тус байгууллага нийт “Хаммер” хэрэглэгчдийг бараг 100 хувь эгнээндээ нэгтгэжээ гэж ойлгож болно. Харин тус клубынхан үйл ажиллагаагаа өргөтгөж, нийт “Хаммер” хэрэглэгчдэд ойртох, туслах үүднээс “Хаммер сервис” байгуулжээ. Тодотгож хэлбэл өрх бүлээ нэгээр нэмж, өрхнийх нь оосрыг татсан гэсэн үг. Тус сервис нь өдөрт найман машин хүлээн авах хүчин чадалтай бөгөөд АНУ-д найман жил ажилласан механик, гурван туслах засварчний хамт үйлчилгээ үзүүлдэг аж. Түүнчлэн тэд АНУ-аас сэлбэг хэрэгслээ оруулж ирдэг төдийгүй багаж хэрэгсэл нь бүгд Герман технологийнх гэнэ. Тодотгож хэлбэл тэд анхнаасаа чанарыг эрхэмлэн ажиллахаар ханцуй шамласан хэрэг.
Дашрамд сонирхуулахад “Хаммер” клубын хамт олон үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн цагаас хойш байгаль экологио хайрлах, тухайн орчинтой танилцах ажлыг зохион байгуулахын зэрэгцээ нийгмийн сайн сайхны төлөө ч үйл ажиллагаагаа чиглүүлж ирсэн байна. Тиймдээ ч тэд зундаа буюу “Эх үрсийн баяр”-аар “Хаммер прад” зохион байгуулж, асрамжийн газрын болон өнчин ядуу хүүхдүүдэд бэлэг тараах зэргээр өглөгийн гараа сунгадаг аж. Харин намрын цагт Төрийн тахилгат Бурхан халдун уулнаа хүндэтгэл үзүүлдэг бол хаврын тэргүүн сарын шинийн 15-ны дотор багтаж, Шилийн богд, Алтан-Овоонд хүндэтгэл үзүүлдэг аж. Ингээд байгаль экологи, нийгмийн сайхан үйлийн төлөө зорилгоо нэгтгэсэн тус клубынхан шинээр нэгэн гал голомт бадрааж, 500 “Хаммер” хэрэглэгчдээ улам л ойртлоо.
С.Ууганбаяр