Сүүлийн үед хөдөлмөр аюулгүй байдлын дүрэм журмыг мөрдөөгүйгээс болж ид хийж бүтээх насандаа яваа залуус амиа алдаж хохирогч болох тохиолдол гарсаар байгаа.

Хамгийн сүүлд гэхэд өнгөрөгч амралтын өдрүүдэд баригдаж байгаа барилгатай холбоотой гэмт хэрэг дөрөв бүртгэгджээ. Тэдний хоёр нь амь насаа алдсан бол хоёр нь хүнд гэмтсэн аж.

“Актив” ХХК-ийн барьж байгаа барилга дээр цэвэрлэгээ хийж байсан “УББК” ХК-ны ажилтан 26 настай эрэгтэй лифтний хонгилд унаж амиа алдсан хэрэг гарчээ.

Энэ мэдээллийн талаар: ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн ахлах ажилтан, цагдаагийн ахмад Ё.Лхагвасүрэнгээс тодруулахад: “Энэ хэрэг өнгөрсөн амралтын өдөр гарсан байгаа. Хүний амь нас хохирсон хэрэг гарсан тохиолдолд эрүүгийн хэрэг үүсгээд прокурорын байгууллагад мэдэгддэг. Харин прокурораас мөрдөн байцаах эрхээ аваад цаашаа үргэлжлүүлэн шалгадаг байгаа. Түүнээс цагдаагийн байгууллага дангаараа шийдээд энэ хэрэг дээр эрүүгийн хэрэг үүсгэчихье, үүн дээр нь үүсгэхгүй гэж авч үзэх эрх байхгүй. Хуулийн хүрээнд цагдаагийн байгууллага ажилладаг. Ялангуяа хүний амь нас эрсдсэн гэмт хэрэгт хуулийн хүрээндээ эрүүгийн хэрэг үүсээд шалгагдаад гэм буруутай этгээдүүдийг олж тогтоодог” гэлээ.

Эл хэргийг ХУД-ийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс  шалгаж байгаа юм.

Х.Даваа